Анх удаа орон сууц худалдан авсан болон оюутны сургалтын төлбөр төлсөн иргэн Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ын хуулийн дагуу хөнгөлөлт эдэлдэг болсон.
Татварын хөнгөлөлт эдлэх иргэний холбогдох материалыг Татварын байгууллагууд жил бүрийн нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хүлээн авдаг бөгөөд хоёрдугаар сарын 15-нд дуусгавар болгодог юм.
Тодруулж хэлбэл, татварын хөнгөлөлт буюу буцаан олголт эдлэх иргэдийн хувьд баримтаа бүрдүүлэн цахимаар илгээхэд ердөө 13 хоног үлдэж байна гэсэн үг.
Цар тахалтай холбоотойгоор Татварын байгууллагууд энэхүү хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлдэг материалыг энэ жил etax.mta.mn цахим хуудсаар хүлээн авч буй. Одоогоор нийт 44 мянган иргэн татварын хөнгөлөлт эдлэхээр холбогдох баримтуудыг ирүүлснээс 7000 нь сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй холбогджээ. Энэ нь орон сууцанд орсон иргэд түлхүү ханджээ гэж тодорхойлж болохоор байгаа юм.
Орон сууцны татварын хөнгөлөлтөөр иргэд өмнөх жилүүдэд гурван сая төгрөг буцаан авдаг байсан бол энэ жилээс зургаан сая төгрөг авна.
Татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтийг иргэд цахимаар илгээдэг болсноор цаг хугацаа хэмнэх болжээ. Жишээ татвал, орон сууцны хөнгөлөлт эдлэхэд өмнө нь Нийгмийн даатгалын лавлагаа шаардахдаа нотариатаар баталгаажуулсан байх зэрэг шалгуур тавьж ирсэн. Тэгвэл энэ жилээс Нийгмийн даатгалын лавлагааг нотариатаар баталгаажуулсан байх шаардлага тавихгүй. Нөгөө талдаа энэхүү мэдээлэл нь emongolia цахим үйлчилгээний нэгдсэн санд байгаа тул иргэн та уг сан руу нэвтрэн мэдээллээ авч, бүрдүүлнэ. Энэ мэтчлэн олон мэдээллийг дээрх нэгдсэн сангаас авах боломжтой болсон нь мөнгө ч бас хэмнэж буй ажээ.
Одоо уншигчиддаа сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх болон орон сууцны хөнгөлөлт эдлэхэд ямар баримтуудыг бүрдүүлэн цахим хаягаар илгээх тухай мэдээллийг хүргэе.
Сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлэх материал:
Хувь хүний орлогын албан татварын хуулийн 23.5-д Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ…гэж заасны дагуу Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах иргэн ХХОАТ-ын тайлан цахимаар ирүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.
Үүнд: Татвар төлөгчийн бүрдүүлэх
Сургуулийн тодорхойлолт /файл/
Сургалтын төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар /Гадаад сургалтын төлбөр төлсөн баримтын файл/
Шаардлагатай тохиолдолд
- Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/
Орлого нотлох баримт /гадаад сургалт/
Төрийн байгууллагын мэдээлэл солилцох emongolia цахим үйлчилгээний нэгдсэн сангаас гарах
- Иргэний үнэмлэх
НД-ийн лавлагаа
Төрсний гэрчилгээ
Орон сууц худалдан авсан, барьсан иргэний хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлэх материал:
Хувь хүний орлогын албан татварын хуулийн 23.4-д Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна… гэж заасны дагуу Орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах иргэн ХХОАТ-ын тайлан цахимаар ирүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.
Үүнд: Татвар төлөгч иргэний бүрдүүлэх материал
Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа Ү серийн дугаар
Орон сууц худалдан авсан цахим төлбөрийн баримтын дугаар / Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн баримт/
Орон сууц барьсан бол Хөрөнгийн үнэлгээний тайлан /файлын хэмжээ 25mb/
Орлого нотлох баримт /файл/
Худалдах худалдан авах /Нотариатаар баталгаажуулсан гэрээг файлаар хавсаргах/, захиалгын гэрээ бол нотариатаар баталгаажуулах шаардлагагүй
Төрийн байгууллагын мэдээлэл солилцох emongolia цахим үйлчилгээний нэгдсэн сангаас гарах
- Иргэний үнэмлэх
- НД-ийн лавлагаа
Татвар төлөгч иргэний бүрдүүлэх материал
- Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа Ү серийн дугаар
Төрийн байгууллагын мэдээлэл солилцох emongolia цахим үйлчилгээний нэгдсэн сангаас гарах
- Иргэний үнэмлэх
- НД-ийн лавлагаа
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ