Space X компани өчигдөр/2021.2.1/ сансарт зөвхөн энгийн иргэдээс бүрдсэн багийг хөөргөх төлөвлөгөөгөө танилцуулжээ.
Сансарт аялахаар суудал захиалсан иргэд Space X компанийн Dragon хөлгөөр хөөрөх аж. Баг дөрвөн хүнээс бүрдэх агаад тэдний ахлагч нь Shift4 Payments компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жаред Исаакман байх гэнэ. Албан ёсны мэдэгдэлд дурьдсанаар нислэгийг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан зохион байгуулах аж.
“Цоо шинэ төрлийн аялал зохион байгуулахад мэдээж зорчигч хэрэгтэй. Эхэндээ энэ аялал тун үнэтэй байх хэдий ч цаашдаа үйл ажиллагаа жигдрэхийн хажуугаар зарим зүйлийг сайжруулж, шинэчилснээр яваандаа сансрын аялал илүү хямд, олон хүнд хүртээмжтэй болох юм” хэмээн Space X компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Илон Маск ярьжээ.
Өмнө нь хувь хүмүүс сансарт гарч байсан удаа хэд хэд бий ч тэдгээр нь маш өндөр үнээр сансрын нисэгчдийн сургалтанд хамрагдаж, мэргэжлийн багийнхантай аялалын зориулалтгүй хөлгөөр хамт нисдэг байсан юм. Харин Space X компанийн тус нислэгт хөлөг дотор нэг ч мэргэжлийн хүн үгүй, дан энгийн иргэд сууж явах юм. Аялагчдыг Space X компанийн сургагч багш нар зарим үйл ажиллагаа, яаралтай тусламж, бэлтгэл, жолоодлого зэрэг зүйлд бэлтгэх гэнэ.
Исаакман Inspiration4 хэмээн нэрлэсэн тус нислэгийн талаар “Энэ бол зөвхөн миний төдийгүй маш олон хүмүүсийн насан туршийн мөрөөдөл. Түүнчлэн энэ бол тэр бүх мөрөөдлүүдийн биелэлийн эхлэл юм” хэмээн тодорхойлжээ. Тэрбээр аялалд бүртгүүлэхийн тулд асар их мөнгө төлсөн хэмээж байгаа ч чухам ямар үнэтэй аялал болж байгааг компани, аялагчдын аль аль нь нууцалж байгаа аж.
Эх сурвалж: NBC
Холбоотой мэдээ