Шинэ Ерөнхий сайдын гарааны өнгө

Хуучирсан мэдээ: 2021.02.02-нд нийтлэгдсэн

Шинэ Ерөнхий сайдын гарааны өнгө

Шинэ Ерөнхий сайдын гарааны өнгө

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдож, танхимаа бүрдүүлсэн Л.Оюун-Эрдэнэ салбар, салбарын үйл ажиллагаатай танилцаж явна.

Тэрбээр Онцгой байдлын ерөнхий газар, Улсын онцгой комисс дээр өчигдөр өглөө ажилласан бол өнөө өглөө барилгын салбарынхантай уулзлаа. Ерөнхий сайдын зүгээс ажил хэрэгч, эртэч байхыг төрийн албанд уриалсан шигээ үлгэрлэхийг хичээж буй нь илт.

УОК-ынхонтой уулзахдаа тэрбээр “Бид өнөөдөр шорвог зүйлээ ярья. Өнөөдөр бид сайн байна гэж бие биедээ тал зассан бялдууч үг чулуудах цаг нь биш. Амаргүй нөхцөл байдалд ажиллаж байгааг ойлгож байна. Бид өнөөдөр бодит нөхцөл байдлыг бодитоор үнэлж, яаж бид зөв байдлаар урагшлах вэ гэдгийг ярих гэж Шадар сайдын УОК-ыг удирдах эхний өдөр нь зориуд ирлээ” гэдгээ ч онцолсон.

Мөн “Анхан дунд шатны зохион байгуулалт дээр алдаж байгаа шүү. Үүн дээр Шадар сайд онцгой анхаарах хэрэгтэй. Эрүүл мэндийн салбар ингээд байна, УОК ингээд байна, Шуурхай штаб ингээд байна гээд бие бие рүүгээ алдаагаа чихдэг” болохыг, төрийн байгууллагуудын уялдаа холбоо сул байгааг мөн ажлаа хийж чадахгүй хүмүүстээ хатуу хариуцлага тооцохыг ч сануулсан.

Дээд шатны шийдвэрийг доод, дунд шатныхан нь замхаруулж, иргэдтэй ойр, тулж ажилладаг нөхдүүд алдаа дутагдлаа хүлээхгүй хариуцлагаас холуур өнгөрдөг.

 Ерөнхий сайдын хэлсэнчлэн “Иргэдийг халдвар хамгааллын дэглэм сахиулна гэж тусгаарлах байранд аваачдаг. Гэтэл хөзөр тоглож гаднаас архи, тамхи худалдаж авсан асуудал гарсан. Энэ бүх зүйл анхан шатан дээрээ очоод ажил замхардгийн тод жишээ болсон” нь үнэн. Цар тахлыг тусгаарлах байрнаасаа алдсан.

Тэнд Ерөнхий сайд, Засгийн сайдууд очоод “манаач” хийгээд суухгүй нь ойлгомжтой. Дунд, доод шатныхны ажилдаа хайнга, хариуцлагагүй ажилласнаас болж цар тахлыг дотоодод алдсан.

Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарынхан хандлагаа өөрчлөхийг сануулсан. Нэгдүгээр төрөхөд болсон үйл явдал бол цэвэр эмч, сувилагчдын үйл ажиллагаатай холбоотой. Гэтэл одоо эмнэлгийн дарга нь “би буруугүй” гээд сууж байна. Шадар сайд Шуурхай штабаа удирдах нь зөв. Нэг удирдлагаар, нэгдсэн зохион байгуулалтаар ажиллахгүй бол дунд шатны “олон” дарга нарын үл ойлголцлоос болж засаг нь огцорчихлоо.

Харин өнөөдөр /2021.02.02/ Ерөнхий сайд барилгын салбарынхантай уулзахдаа “Барилгын салбарын хөгжлөөр та бүгдтэй ярих гээгүй, орон сууцжуулах шийдэл ярих”-аа тодотгосон. Нэн ялангуяа залуу гэр бүлүүдийг орон сууцжуулах талаар төр, хувийн хэвшлүүд хэрхэн хамтарч болох боломжуудын талаар ч ярилцаж, дэд бүтцийн асуудлыг шийдэхгүй бол аж үйлдвэржсэн орон болохгүйг төр, хувийн хэвшлийнхэнд сануулав.

Сүүлийн 10 жил барилга угсралт, бүтээн байгуулалт 10.3 дахин нэмэгджээ. Гэхдээ барилгын салбар дахь боловсруулах үйлдвэрийн эзлэх жин 2.5 хувиар буурсан. Үйлдвэрүүд дунджаар 100-150 хоног ажиллаж байна. Төр өөрөө том худалдан авагч. Монголоосоо авах боломжтой бүтээгдэхүүнүүдийг авалгүйгээр 600 орчим тэрбум төгрөгийн худалдан авалтыг гаднаас авсан, Засгийн газар хувийн хэвшлүүдээ анхаарч, бодлогоор дэмжихийг барилгын салбарынхан Ерөнхий сайдад уламжлав.

Шинэ Ерөнхий сайдын өглөөний уулзалтууд, гарааны өнгийг нь харахад хөгжлийн луужингаараа зүг чигээ хийхээр шийджээ. Товчдоо бол, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимын бодлого нь түүний боловсруулсан “Алсын хараа” юм байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж