Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөө өглөө барилгын салбарын удирдлагуудтай уулзаж, залуу гэр бүлийг орон сууцтай болгохын тулд Засгийн газар хэрхэн хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллаж болох вэ гэдэг талаар ярилцлаа.
Тэрбээр уулзалтын эхэнд "Өглөөний ийм уулзалт хийх нь зүйтэй гэж бодож байгаа юм. Учир нь үдээс хойш Даваа гарагт бүлгийн хуралтай, Мягмар гарагт байнгын хороотой, Лхагва гарагт Засгийн газрын хуралтай, Пүрэв, Баасанд чуулгантай амжихгүй байна. Мөн сайдууд бүгд хамрагдаж чадахгүй, хурлын дундуур хүмүүс гарч яваад эцэст нь үр дүнгүй тарах тохиолдол байдаг.
Тиймээс хувийн хэвшлийнхэнтэй, салбарынхантай уулзахад өглөөний цагийг ашиглах, ер нь өглөө эрт босдог, ажил хэрэгч байх соёл тогтоохыг хүсэж байна. Цаг тооцоод үзсэн хамгийн багадаа долоо хоногт гурван уулзалт хийх боломжтой юм билээ. Нөгөөтээгүүр төрийн ордонд, олон хүн цугладаг хурлууд зүгээр нэг зөвлөмж гаргаад тарчихдаг. Тийм үр дүнгүй хурал биш, нэг хурал нэг шийдэл байдалтайгаар явах нь зүйтэй. Өнөөдөр хүн төрөлхтөн цар тахлыг даван туулна. Вакцин худалдан авах ажлын хэсгийг шинээр байгуулсан. Ирэх 2-3 сардаа багтаад иргэдээ вакцинжуулах ажлыг үе шаттай хийнэ гэж төлөвлөж байгаа. Хэсэгчилсэн хөл хориог математик загварчлалын дагуу тодорхой хэмжээнд хийгдэхийг үгүйсгэхгүй. Аль болох хувийн хэвшлүүдээ дэмжиж, эдийн засгаа явуулна. Дэлхий дандаа цар тахалтай байхгүй гэдэг гайхамшигтай. Тийм учраас цар тахлын эдийн засгийн төлөвлөгөөндөө одооноос орж явах ёстой. Цар тахлын дараах дэлхийн эдийн засаг огцом өсөхөөр ажиглагдаж байна гэж судлаачид үзэж байгаа. Дэд бүтцийн салбарт дөрвөн жилийн хугацаанд бүгдийг хийх боломжгүй. Дараа дараагийн Засгийн газар ажиллах суурийг нь бид тавих ёстой. Засгийн газрын бодлого тогтвортой үргэлжилж байж үр дүнд хүрнэ. Тиймээс "Алсын хараа 2050″ хөтөлбөрийг боловсруулсан. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай улсын эдийн засаг 17.5 дахин өссөн. Амьдралын чанарыг анхаарах зайлшгүй шаардлага байна.
Өнөөдөр орон сууцны урьдчилгаа 30 хувийн төлбөр бол залуучуудад хүнд байна. Гэр хорооллын 200 мянга орчим өрхийн хувьд шууд орон сууц худалдаж авах боломжгүй байна. Түрээслээд өмчлөх, эзэмших орон сууц чухал атлаа хүртээмжгүй байна. Газраа чөлөөлөх асуудалд иргэдийн итгэл үнэмшил тааруу байна. Улаанбаатар хотын асуудлыг зөвхөн хотын удирдлагуудад даатгаад явж болохгүй. Залуус 1, 2, 3 гэсэн хороолол барина. Залуус 1, 2-ыг Улаанбаатарт аль нэг хорооллыг нь орон нутагт хийж үзэхийг хүсч байна. Төрд дэд бүтэц шууд татаж болох нөөц газар байна. Дэд бүтцийн асуудлыг манай Засгийн газар шийдэхийн төлөө ажиллана. Төр яаж дэмжвэл зорилтот бүлгээ орон сууцжуулж чадах вэ гэдгийг ярих ёстой. Ингэж байж амьдралын чанар дээшилнэ. 40-50 метр квадратыг л төр дэмжинэ. Нэг удаагийн хууль гаргаж ч шийдвэрлэж болно" гэсэн юм.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХ: Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал амаргүй байгаа. Цахилгааны хэрэглээ дотоодын үйлдвэрлэлийн хэмжээнд тулсан бол дулааны эрчим хүчний хувьд давсан байдалтай байгаа. Цаашдаа шинээр бүтээн байгуулалтын ажлууд болон дулааны цахилгаан станцуудаа өргөтгөх, шинэчлэх ажлуудыг зэрэг авч хэрэгжүүлэх ёстой. Засгийн газрын төлөвлөгөөнд цахилгаан, дулааны 18 шинэ эх үүсвэр барихаар төлөвлөсөн. Айл өрх зарим аж ахуй нэгжүүдийн эрчим хүчийг төрөөс даахаар болсонтой холбоотойгоор 9 чиглэлийн ААН-ийг энэхүү хөнгөлөлтөд оруулаагүй. Үүний нэг нь барилгын салбар. Өвлийн их ачаалал өнгөрөөд буюу ирэх тавдугаар сараас энэ талаар дахин ярилцах боломжтой.
Холбоотой мэдээ