Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх АН

Хуучирсан мэдээ: 2021.02.02-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх АН

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх АН

УИХ-ын хоёр сонгуульд дараалан ялагдал хүлээсэн АН өнөөдөр бужигнаантай байна. Намын гишүүд нь С.Эрдэнэ болон Ц.Тувааны тал гэж хоёр хуваагдан, нэгийгээ үзэж байна. Харин тэд дөрөвхөн сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэг талдаа гарч чадах болов уу.

Одоогоор Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэвээр, тиймдээ ч намын гишүүд нь намынхаа Үндэсний бодлогын хороог хуралдуулж, намын даргын сунгааг эхлүүлэхийг шаардаж, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит хурлаар гурван ч дэд даргаа сонгоод байна. Тодруулбал, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус 17 дугаар хуралдаанаар цаг үеийн болон бусад асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэсний дотор намын дэд даргын асуудал багтав. Ч.Отгочулуу, Ц.Уртнасан, Ц.Алтанцэцэг нарын томилсон бол Үндсэн дүрмийн хороондоо сэлгээ хийсэн. Мөн одоогийн намын дарга С.Эрдэнэ намын даргын сунгааг эхлүүлж, дараагийн намын дарга томилогдох хүртэл тэрбээр албан ёсны АН-ын дарга хэвээр байна гэдгээ ч мэдэгдээд буй.

Харин хэсэг бүлэг хүмүүс Ардчилсан намын удирдлагад хариуцлага тооцож, С.Эрдэнэ, Ц.Туваан нарыг намаасаа хөөх, албан тушаал хашихыг нь хориглосон шийдвэр гаргах зэргээр тэмцэлээ үргэлжлүүлсээр буй.

Ардчилсан намын аймаг, дүүргийн намын хорооны тамга тэмдэг хүчингүй болсон, хүчинтэй хэвээр. Энэ мэтээр Ардчилсан нам дотооддоо “тэмцэлдэж”, өнөөдөр ч нэг талдаа гарч чадахгүй байна. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө АН шинэчлэгдэж, цэгцэрч чадах уу гэсэн хүлээлт улс төрийн хүрээнд ч олон нийтийн дунд ч байна.

Хэрэв энэ маягаар удаан явбал АН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадах уу гэдэг эргэлзээ ч төрж буй. Гэхдээ одоогийн намын дарга С.Эрдэнийн хувьд хэдийгээр цар тахалтай ч намын даргын сунгааг яаралтай зохион байгуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг Сонгуулийн хуульд заасны дагуу тодруулахаар зэхэж буй. Хуулиараа, бүртгэлээрээ С.Эрдэнэ өнөөдөр АН-ын дарга учраас тэр, тэдний баг хэр зэрэг хүчтэй бас өрсөлдөхүйц байхаас олон зүйл шалтгаална.

Парламентын хоёр сонгуульд ялагдсан Ардчилсан нам харин Ерөнхийлөгчийн сонгуульд гурван сонгуульд /2009, 2013, 2017/ дараалан ялалт байгуулсан байдаг. Тиймээс эрх баригч МАН энэ удаад ялалт байгуулах, намынхаа 100 жилийн ойгоор Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахаар бүх хүчээ дайчилж буй. Ийм цаг үед хүчтэй өрсөлдөгч Ардчилсан нам нэгдмэл, дотоод зөрчилгүй, зөв нэр дэвшигчээ тодруулж өрсөлдөх нь хамгаас чухал гэдгийг улс төрийн хүрээнийхэн дүгнэж буй.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай МАН, АН-аас гадна Хөдөлмөрийн үндэсний нам, МАХН хүнээ дэвшүүлэх эрхтэй байгаа үед АН бүр ч илүү хүчирхэг байх ёстойг ч хэлэх хүмүүс байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж