Малайзын агаарын тээврийн Боинг 777 онгоцны сэг байж болох өөр нэг хэлтэрхий Маврики арлаас олджээ. Онгоцны сэгийг “Mourouk Ebony” зочид буудлын ажилтан олж албаныханд хүлээлгэн өгсөн байна.
Малайзын агаарын тээврийн “MH370” нислэг хоёр жилийн өмнө Энэтхэгийн далайн дээгүүр нисч явахдаа холбоо тасарч сураггүй болсон юм. 239 хүнтэй онгоц 2014 оны гуравдугаар сарын 8-нд Куала Лумпураас хөөрснийхөө дараахан радарын дэлгэцнээс алга болсноор одоо болтол олдоогүй байна. Онгоцыг Энэтхэгийн далайд сүйрсэн гэж үзэн Австралийн баруун эрэг орчимд хайгуул хийж байгаа билээ.
Өмнө нь Реюнион арал, Мозамбикийн эргээс Боинг 777 онгоцны сэг байж болох хэлтэрхийнүүд олдсон юм. Мозамбикийн эргээс олдсон сэг “MH370” нислэгийнх байх өндөр магадлалтай хэмээн албаныхан мэдээлжээ.
Маврики нь Энэтхэгийн далайд орших галт уулын жижиг арал юм.
Эх сурвалж: CNN
Б.АНХТУЯА