Мьянмарын удирдагч, Ардчиллын төлөө үндэсний лиг намын дарга, Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чи тэргүүтэй улстөрчид өчигдөр /2021.02.01/ тус улсын Зэвсэгт хүчнийхэнд баривчлагдсан талаар албаны хүмүүс өглөө эрт мэдээлсэн билээ. Аун Сан Су Чигаас гадна Ерөнхийлөгч Вин Минт болон хэд хэдэн хотын дарга нарыг гэрээс нь баривчлан авч явсан байв. “BBC”-ийн мэдээлснээр улстөрийн 42 зүтгэлтэн, 16 иргэний нийгмийн идэвхтнүүдийг баривчилжээ.
Тус улсад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон парламентын сонгуулийн дараагаас нөхцөл байдал хурцдаж эхэлсэн ба эрх баригч Ардчиллын төлөө үндэсний лиг нам үнэмлэхүй ялалт байгуулсан юм.
Харин тус улсын зэвсэгт хүчнийхний оролцоотой сөрөг хүчин сонгуулийг маргаан будилаантай болсон гэж үзэж байгаа. Өнгөрсөн хугацаанд сөрөг хүчнийхэн сонгуулийн үеэр хууль зөрчсөн олон тохиолдол байгааг илчилж, мөрдөн шалгахыг эрх баригчдаас шаардаж байв. Хэрвээ сонгуулийн маргааныг шийдэхгүй бол цэргийн эргэлт гарахыг үгүйсгэхгүй гэж Мьянмарын армийн генерал Мин Аун Хлаин мэдэгдэж байжээ.
Тус улсын нийслэл Найпитав болон хоёр дахь том хот болох Янгонын гудамжинд цэргүүд байршиж, утас, интернетийн шугам бүгдийг тасалжээ. Удалгүй Мьянмарын арми улсын бүхий л эрх мэдлийг гартаа авч, бүтэн жилийн турш улс орон даяар онц байдал зарлаж байгаагаа мэдэгдэв. Мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон сонгуульд Аун Сан Су Чигийн нам луйвраар ялсан хэмээн мэдэгдээд, бүх эрх мэдлийг Мьянмарын цэргийн дээд командлагч, генерал Мин Аун Хлаингийн гарт шилжиж байгааг зарласан байна. Ийнхүү тус улсад төрийн эргэлт гарсан нь нэгэнт тодорхой болсон юм.
Томоохон хотуудад гар утас, интернетийн сүлжээ доголдсоноос гадна тус улсын үндэсний “MRTV” телевизийн дамжуулалт тасалдаж, армийн мэдлийн телевизүүд мэдээллийг дамжуулж байгаа аж. Цаашид юу болохыг эс мэдэх иргэд гэрээсээ гарахгүйн тулд хүнс, ахуйн хэрэгцээгээ базаахаар дэлгүүрт урт дарааалал үүсгэжээ. Мөн банкны үйл ажиллагаа ч доголдсон тул АТМ-үүдийн өмнө уртаас урт дараалал үүссэн байна.
Түүнчлэн сошиал сүлжээнд мьянмарчууд цэргийн эргэлтийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсээр байна. Фэйсбүүк сүлжээнд л гэхэд #SaveMyanmar хаштагийг 334,000 гарүй хүн хэрэглэж, зарим нь нүүр зургаа гашуудлын хар өнгөөр, эсвэл Аун Сан Сү Чигийн зургаар сольжээ.
Энэ удаагийн нөхцөл байдал 1990-ээд оны цэргийн эргэлтийн гашуун түүхийг давтахвий гэсэн айдастай байгааг тус улсын иргэд ярьж байна. Бирм буюу Мьянмар улсыг 2011 он хүртэл зэвсэгт хүчин удирдаж байсан бөгөөд хатагтай Су Чигийн удирдсан ардчилсан шинэчлэлийн хөдөлгөөн цэргийн засаглалыг эцэслэх хүртэл энэ улс цэргийнхний удирдага дор байв. Зөвлөлт маягийн нэг намын засаглалыг эсэргүүцсэн оюутнууд 1988 онд бослого гаргасан ч цэргүүд үүнийг хүчээр дарж, олон мянган хүн үрэгдэж байжээ.
Энэ үеэс л Аун Сан Су Чигийн нэр хүнд өсч, цэргийн засаглал, хүний эрхийн зөрчлүүдтэй тэмцэх 20 жилийн тэмцэлээ эхлүүлсэн байдаг. Ингээд 1990 оны сонгуульд түүний удирдсан нам ялалт байгуулсан ч цэргийнхэн түүний ялалтыг хүлээн зөвшөөрөлгүй Аун Сан Су Чиг гэрийн хорионд оруулсан юм.
Бараг 15 жилийг гэрийн хорионд өнгөрөөсөн тэрбээр 2010 онд суллагдаж, таван жилийн дараа сонгуульд ялалт байгуулсныг барууны Засгийн газрууд 50 жилийн цэргийн дэглэмийн дараа ардчилсан засаглалд шилжсэн түүхэн чухал мөч хэмээн сайшааж байв.
Гэсэн хэдий ч генерал Тейн Сейнээр удирдуулсан цэргүүд эрх мэдлээсээ татгалзах хүсэлгүй байв. 2008 онд армийнхан ирээдүйн засаг захиргаанаас үл хамааран улс төр, эдийн засгийн чухал нөлөө үзүүлсээр байх болно гэсэн утга бүхий үндсэн хуулийн төслийг боловсруулсан. Энэхүү үндсэн хуулийн дагуу армид парламентын суудлын дөрөвний нэгийг хуваарилдаг бөгөөд Дотоод яам, Батлан хамгаалах зэрэг гол яамдууд цэргийнхний мэдэлд байдаг юм. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах оролдлогод цэргийн хүчин хориг тавих эрхтэй байдаг аж.
Мьянмарт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден цэргийн эргэлт нь тус улсыг ардчилсан нийгэмд шилжих үйл явцын эсрэг үйлдэл болохыг анхааруулаад эдийн засгийн хоригоо буцаан сэргээхээ мэдэгджээ. АНУ нь Мьянмарын эсрэг авсан арга хэмжээгээ одоогоос арав гаруй жилийн өмнө цуцалсан байв. Мөн НҮБ болон Их Британи, Европын Холбоо, Энэтхэг, Япон улсууд мөн баривчлагдсан улс төрчдийг суллаж, ардчилсан дэг журмыг сэргээхийг Мьянмарын цэргийн эрхтнүүдэд уриалав.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ