Үр шимийг нь хүртэхгүй юм бол НДШ төлөх хэрэг байна уу?

Хуучирсан мэдээ: 2021.02.02-нд нийтлэгдсэн

Үр шимийг нь хүртэхгүй юм бол НДШ төлөх хэрэг байна уу?

Үр шимийг нь хүртэхгүй юм бол НДШ төлөх хэрэг байна уу?

Энэ 2021 оноос нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмж, 26 хувь болгож байгаа. Цар тахалтай, нийгэм, эдийн засаг ороо бусгаа байгаа энэ үед шимтгэлийн хэмжээг нэмж байгаа нь иргэдийг багагүй бухимдуулаад байна. Бухимдах нь ч зүйн хэрэг. Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66. Гэтэл хэтдээ тэтгэврийн насыг 65 болгох зорилттой улсын иргэдэд хуруу хумсаа хугалан байж хөдөлмөрлөж олсон мөнгөнөөсөө шимтгэл төлөх хэрэг байна уу гэж эрхгүй бодогдоно. Өөрөөр хэлбэл, тэтгэвэрт гараад нэг жил болоод л бурхан болсон тохиолдолд 30, 40 жил төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэл шууд л улсын орлого болж байгаа юм. Үр хүүхдэдээ өвлүүлэх, үр шимийг нь хүртэх боломжгүй болж байна гэсэн үг. Гэтэл иргэд шимтгэл төлсөөр байтал даатгалын сан нь хоосорч, улсаас шууд татаас авах замаар үйл ажиллагаа явуулдаг нь хачирхалтай.

Шимтгэлийн хэмжээг нэмсэн нь Нийгмийн даатгалын сангийн алдагдалтай холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарладаг. Иргэд бүх насаараа хөдөлмөрлөөд шударгаар шимтгэлээ төлөөд явсан байтал нэг л мэдэхэд сан нь хоосорч, хэн нэгэн хумсалж, бүр алдагдалтай ажилладаг, түүнийгээ нөхөхийн тулд бүх ачааг ажил хөдөлмөр эрхлэгчдийн нуруун дээр үүрүүлдэг болчихоод байна.

Нийгмийн даатгалын шимтгэлийг 26 хувь болгосны учир шалтгааныг НДЕГ-аас тодруулахад НДШ-ийн хувь хэмжээ нэмэгдэж байгаа ч одоогоор таны гар дээр очих цалинд нөлөөлөхгүй гэдгийг онцоллоо. Мөн цар тахалтай холбоотойгоор ажил олгогч, даатгуулагч нарт зориулан дараах арга хэмжээнүүдийг авсаныг ч онцолсон юм.

Нийгмийн даатгалын тухай хуульд 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөөр 2017 онд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ ажил олгогч болон даатгуулагчийнх тус бүр долоон хувь байсныг 9.5 хувь болгон нэмэгдүүлсэн. Ингэхдээ хуулийн дагуу ажил олгогч болон даатгуулагчийн шимтгэлийг тус бүр 2018 оноос нэг хувь, 2019 оноос 0.5 хувь,  2020 онд мөн нэг хувиар буюу гурван жилийн хугацаанд 2.5 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Гэхдээ цар тахалтай холбоотойгоор 2020 онд хэрэгжих нэмэгдлийг нэг жилээр хойшлуулсан юм.

Үүнтэй холбоотойгоор 2021 оны нэгдүгээр сараас эхлэн тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ хоёр хувиар (ажил олгогч нэг хувь, даатгуулагч нэг хувь) нэмэгдэж байгаа.

Монгол Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нийт 49 мянга орчим аж ахуйн нэгж, байгууллага байдаг. Цар тахалтай холбоотойгоор орлого нь буурч, үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор 38.4 мянган ажил олгогчийн 410 мянган даатгуулагч, 161 мянган сайн дурын даатгуулагчид 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлсэн.

Өөрөөр хэлбэл, 571 мянган даатгуулагчийн 672 орчим тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөхөд зарцуулжээ.

Covid-19 цар тахлын үед аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн хүндрэлийг шийдэх нэг арга хэмжээ болгож УИХ-аас Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг баталсан.

Дээрх хуулийн үйлчлэлд төрийн байгууллагаас бусад бүх аж ахуйн нэгж, байгууллага 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн хамрагдаж байна. Хуулийн дагуу:

  • 2020 оны дөрөвдүгээр сараас 2020 оны аравдугаарсар хүртэл зургаан сарын хугацаанд ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн чөлөөлсөн.
  • 2020 оны аравдугаар сараас 2021 оны нэгдүгээр сар хүртэл гурван сарын хугацаанд зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч тус бүр 5 хувиар төлж, бусад даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлөгдсөн.
  • 2020 онд хэрэгжүүлсэн шимтгэлээс чөлөөлөх, хөнгөлөх арга хэмжээнд урьдчилсан байдлаар 38.4 мянган ажил олгогч, 571 мянган даатгуулагч хамрагдаж, нийт 710.9 тэрбум төгрөгийн шимтгэлээс чөлөөлөгджээ.
  • 2021 оны нэгдүгээр сараас 2021 оны долдугаарсар хүртэл зургаан сарын хугацаанд ажил олгогч, даатгуулагч нь зөвхөн тэтгэврийн даатгалын 8.5 хувийн шимтгэлийг тус бүр төлөх ба бусад төрлийн шимтгэлээс чөлөөлөхөөр зохицуулсан. Энэ хугацаанд нийтдээ 198.9 тэрбум төгрөгийн шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх юм.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж