Ясны хорт хавдартай 16 настай С.Ханатбек хүү яаралтай хагалгаанд орохоор тусгай үүргийн онгоцоор өнгөрсөн Бямба гаригт Монголоос явжээ. Турк улсыг зорихын өмнө ХӨСҮТ-д 150 мянган төгрөгөөр Covid-19 халдварын шинжилгээ өгч, тодорхойлолт авсан байна. Гэвч ХӨСҮТ-ийн эмч, ажилтан шинжилгээний хариуг "negative", "positive" гэсэн олон улсын стандартаар бус, "Not detected" гэж бичээд зогсохгүй тухайн хүүхдийн нэр, төрсөн он, сарыг нэрийг алдаатай бичжээ.
Энэ хариуцлагагүй үйлдлээс болж хүнд өвчтэй хүү транзит нислэгт сууж чадалгүй саатаж, хоног хугацаа алдсан байна. Ингээд хүүгийн авга ах Х.Өнерээс зарим зүйлийг тодруулахаар утсаар холбогдлоо.
-ХӨСҮТ-ийн эмч, ажилтан дүүгийнх нь шинжилгээний хариу болон нэр, төрсөн он, сарыг нь алдаатай бичсэн гэлээ. Тус төвийн зүгээс алдаагаа засч, гэр бүлтэй нь холбогдсон уу?
-Миний дүү С.Ханатбек 2020 оны гуравдугаар сард эмчилгээ хийлгэж эхэлсэн. Монголдоо Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэд хэдэн удаа хагалгаанд орж, химийн эмчилгээ хийлгэж байсан. Сөүл-Доха-Истанбул чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өнгөрсөн Бямба гаригт буюу нэгдүгээр сарын 30-нд Монголоос явж, Сөүл хотын Инчеон нисэх буудалд гацсан. Уг нь нэгдүгээр сарын 31-ний шөнө 00:00 цагт Истанбулын онгоцонд суух ёстой байсан ч бичиг баримтын зөрчилтэй гээд ХӨСҮТ-ийн алдаанаас болж онгоцондоо сууж чадаагүй.
Би өнөөдөр /2021.02.01/ ХӨСҮТ-ийн эмч нарын гаргасан алдааг нь залруулж, бичиг баримтыг нь и-мэйл хаягаар явууллаа. Би дахин С.Ханатбек хүү эцэг ,эхийн нэр дээр онгоцны тийз бичүүлж, түр байрласан буудлын зардлаа нэмээд 4.8 сая төгрөг төлсөн. Эмч мэргэжилтнүүдийн хариуцлагагүй байдлаас болж, дүү маань хоног хугацаа алдаж, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирлоо. Дүү маань өвчин намдаах тариа хийлгэхгүй л бол өвчин нь зовиурлаж, хүнд байгаа. Замдаа байнгын өвчин намдаах лаа хэрэглэж байна.
-ХӨСҮТ-ийн холбогдох албан тушаалтан, удирдлагуудтай уулсан уу?
– Би өдөржингөө энэ асуудлын араас явж, саяхан гэртээ орж ирлээ. Манайх Ховд аймагт байдаг юм. Өнөөдөр нутаг буцах гээд байж байна. Би ХӨСҮТ-ийн удирдлагуудтай холбогдож чадсангүй. Намайг ХӨСҮТ-д очиход эмч, дарга нар нь гарч ирээгүй. Нэг асрагч явуулсан байсан.
Тэр хүнд холбогдох бичиг баримтаа өгч, нэг цаг гаруй хүлээсний дараа н.Мягмарсүрэн гэдэг эмч надад бичиг баримт засч, өгсөн. Манай гэр бүл үнэхээр гомдолтой байна. Энэ хэцүү цаг үед эрүүл мэнд, эдийн засгаар хохироож байгаа учраас Эрүүл мэндийн яаманд өргөдөл гомдол гаргана.
-Одоо дүүгийнх нь биеийн байдал ямар байна вэ?
-Бид дүүгийнхээ онош тодруулж, химийн эмчилгээ хийлгэхээр арванхоёрдугаар сарын 5-нд тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хотод ирсэн. Хавдар судлалын үндэсний төвд гурав хонож, шинжилгээ өгөхөд “Хорт хавдар биш байна” гэдэг бичиг өгсөн. Дүү маань өмнө нь хоёр ч удаа Гэмтэл согог судлалын үндэсний төвд гарынхаа мөрөнд хагалгаа хийлгэсэн. С.Ханатбек хүү анх 2020 оны гуравдугаар сард өвдөж, тавдугаар сард Гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаа хийлгэж байлаа.
Тэгээд нутаг буцаад өвчин нь намдаж өгөхгүй аравдугаар сард дахин хотод ирж, ГССҮТ-д дахин хагалгаанд орж байсан юм. Арваннэгдүгээр сарын 13-нд хөл хорио тогтоож байхад нутаг буцаж, аймгийн нэгдсэн эмнэлэгт хэд хоног хэвтэн эмчлүүлсэн. Аймгийн эмч нар дахин хот явах шаардлагатай гэсний дагуу арванхоёрдугаар сарын 5-нд Улаанбаатарт ирсэн.
Тэгээд бид Улсын төв хоёрдугаар эмнэлэгт үзүүлж, хагалгаа хийлгэн, шинжилгээ авснаар ясны хорт хавдартай гэдэг хариу гарсан. Заавал химийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Ингэхдээ оношийг баталгаажуулж, тэрний дагуу эмчилгээ хийх хэрэгтэй гэсэн. Бид хувийн эмнэлэгт 820 мянган төгрөгөөр шинжилгээ өгч, оношоо баталгаажуулсан. Хариу нь 72 цагийн дараа гарсан юм.
-С.Ханатбек хүүгийн эмчилгээний зардалд зориулан хандивын аян өрнүүлжээ. Эмчилгээний зардал нь бүрдсэн үү?
-Бид өмнө нь хэд хэдэн удаа эмнэлэгт хагалгаа хийж, онош тодруулахаар эмчилгээ хийлгэсэн учраас санхүүгийн боломж хомс байсан. Сүүлдээ хандивын аян хүртэл зохион байгуулсан. Сайхан сэтгэлд хүмүүсийн хандиваар 60 орчим сая төгрөг цугларсан.
Хүүгийн маань эхний дөрвөн курс эмчилгээнд 40 мянган ам.доллар буюу 114 сая төгрөг хэрэгтэй болж байгаа. Үүнд туяа болон хагалгааны төлбөр ороогүй гэнэ. Ерөнхийдөө бидний тооцоолсноор 80 мянган ам.долларын зардал гарахаар байгаа.
Эмч нар хүүгийн хорт хавдар бусад эрхтэнүүдэд үсэрхийлэх магадлалтай гэж хэлсэн. Манай хүүг эмчлэхээр Турк улсын “Мемориал Анкара” эмнэлгийн хүүхдийн хавдарын профессор Ахмет Демир эмч хүлээж авахаар болсон.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ