Өвлийн солилцоо наймааны цонх "даруухан" өнгөрлөө | News.MN

Өвлийн солилцоо наймааны цонх "даруухан" өнгөрлөө

Өвлийн солилцоо наймааны цонх "даруухан" өнгөрлөө

Өвлийн солилцоо наймааны цонх "даруухан" өнгөрлөө

Европын хөлбөмбөгийн солилцоо наймааны цонх өчигдөр (2021.02.01) албан ёсоор хаагдлаа. Албан ёсны тоон судалгааг харвал энэ өвлийн солилцоо наймааны цонхоор Европын топ лигүүдэд нийтдээ 310 сая ам.долларын наймаанууд хийгдсэн гэнэ. Гэтэл өнгөрсөн оны өвлийн солилцоо цонхоор Английн Премьер лигт л гэхэд 314 сая ам.доллар эргэлдэж байсан аж. Ямартай ч багууд цар тахлын улмаас санхүүгийн байдлаа хүндрүүлэхгүйг хичээж, хүчээ сэлбэн 2020-2021 оны улирлын хоёрдугаар хагасыг эхлүүлж байна.


  • Арсенал

Лондон хотын “Их буучид”-ын удирдлагууд Мезут Өзилийг Туркийн Фенербахче руу явуулж санаагаа амраав. Нэгэнт л Микел Артетагийн төлөвлөгөөнд багтаагүй Өзил энэ улиралд нэг ч тоглолтонд оролцолгүй сул цалин авсаар Англиас явлаа. Түүний үлдээсэн орон зай, 11 дугаарыг эзэмшихээр Испанийн Реал Мадрид багаас Норвеги залуу авьяастан Мартин Эдегор зээлээр ирсэн. Өдгөө 22 настай Эдегорын хувьд Зинедин Зиданы багийн нэг хэсэг болж чадаагүй учир өөрийгөө батлан харуулахаар Арсеналд ирсэн юм. Өнгөрсөн улирал Дани Себаллос мөн Реал Мадридаас Арсеналд зээлээр тоглож, энэ улирлын эхэнд дахин зээлийн хугацаагаа нэг жилээр сунгасан билээ. Арсеналын хувьд Мезут Өзилийг үнэгүй явуулснаас гадна Шкодран Мустафи, Сеад Коласинач хоёрыг Германы Шальке 04 рүү, Уиллиам Салибаг Францын Ницце рүү, Энзли Мейтленд Найлзыг Вест Бромвич руу тус тус явуулж, Грек төвийн хамгаалагч Сократисыг багаасаа хассан.

  • Челси

Челси өнгөрсөн зуны солилцоо наймааны цонхоор 200 гаруй сая евро зарцуулсан учир өвлийн солилцоо наймааны цонхоор мөнгө зарсангүй. Харин багийнхаа ахлах дасгалжуулагч Фрэнк Лампардыг халж, түүний оронд Герман мэргэжилтэн Томас Тухелийг авчрав. Тухель ч Челсиг удирдсан хоёр тоглолтондоо нэг хожил, нэг тэнцээ байгуулсан. Тоглогчдын хувьд Фикайо Томориг Италийн АС Милан руу, Дэнни Дринкуотерийг Туркийн Касымпаша руу, Лукас Пиазоныг Португалийн Брага руу, Баба Рахманыг Грекийн Паок руу тус тус үдэн явуулжээ.

  • Лэйстер Сити

Лэйстер Сити мөн л цар тахлын улмаас санхүүгийн нөхцөл байдлаа дордуулахыг хүссэнгүй. Тэд ямар нэгэн тоглогч худалдаж авалгүй Демарай Грэйг Германы Байер Леверкузен руу нууцалсан үнээр, Ислам Слиманиг Францын Лион руу үнэгүй явуулав.

  • Манчестер Юнайтед

Манчестер Юнайтедын удирдлагууд удаан дуншсан наймаагаа сая л гүйцэлдүүлж, албан ёсоор зарлалаа. Улаан чөтгөрүүд Италийн Аталанта багаас энэ жил 19 нас хүрэх Амад Диаллог 20 сая фунтээр өөрсдийн болгов. Залуу хүүд үндсэн багт зай гаргахын тулд Жессе Лингардыг Вест Хэм руу зээлээр явуулж, Тимоти Фосу-Менсаг 1.8 сая еврогоор Германы Байер Леверкузен баг руу заржээ.

  • Вест Хэм Юнайтед

Английн томоохон багууд өвлийн солилцоо наймааны цонхоор идэвхитэй ажлаагүй бол Вест Хэм Юнайтед завгүй байлаа. Алхнууд Манчестер Юнайтедаас Жессе Лингардыг зээлээр, Брентфордоос Саид Бенрамагийн гэрээг 20 сая фунтээр худалдан авчээ. Бенрамаг худалдан авсан 20 сая фунтын алдагдлаа Себастъян Аллег Нидерландын Аяакс багт 20 сая фунтээр зарж нөхжээ. Мөн Вест Хэм Шотландын шигшээ багийн тамирчин Роберт Снодграссыг Вест Бромвич руу нууцалсан үнээр явуулав. Одоогийн байдлаар Премьер лигийн тавдугаар байранд бичигдэж буй Вест Хэмийг тун хэрэгтэй наймаануудыг хийлээ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хэрэв тэд энэ байраа улирлын төгсгөл гэхэд хадгалж чадвал ирэх улирал Европа лигт оролцох эрхтэй болно.

  • Волверхемптон

Багийн үндсэн довтлогч Раул Жименезээ гэмтэлд алдсан Волверхемптон довтлогчийн асуудлаа өвлийн солилцоо наймааны цонхоор шийдэж чадлаа. Тэд Испанийн Реал Сосьедадаас Бразил довтлогч Уиллиам Хосег зээлээр авч, сүүлийн үед формгүй байсан сэлгээний довтлогч Патрик Кутронег зөрүүлээд Испанийн Валенсиа руу зээлээр явуулжээ.

Английн Премьер лигийн хүснэгтийг тэргүүлж буй Ливерпүүл, Тоттенхэм Хотспур, Эвертон зэрэг багууд бүрэлдэхүүндээ томоохон өөрчлөлт хийсэнгүй. Харин Манчестер Сити Сербийн Партизан Белград багаас Филип Стеванович хэмээх 18 настай авьяаслаг залуу хүүг 7 сая фунтээр өөрсдийн болгож буцаагаад Партизан Белград багт нь зээлээр тоглуулахаар болжээ. Тэд энэ хүүгийн төлөө Манчестер Юнайтедтай өрсөлдөж өөрсдийн эгнээндээ нэгтгэж чадсан гэнэ. Мөн Манчестер Юнайтедын анхаарлыг татаж байсан Деннис Ман хэмээх Румын залуу Италийн Парма багт 13.2 сая еврогоор нэгджээ. Төвийн хамгаалалтын асуудалтай болсон Ливерпүүл Шальке 04 багаас Озан Кабак хэмээх хамгаалагч залууг зээлээр, Престон багаас Бен Дэвисийг 1.6 сая фунтээр өөрсдийн болгов.

  • Байер Леверкузен

Германд Шальке 04 болон Байер Леверкузен шиг идэвхитэй ажилласан багууд алга. Бундеслигтээ тавд явж буй Байер Леверкузен Манчестер Юнайтедаас Тимоти Фосу-Менсаг зээлээр, Лэйстер Ситигээс Демарай Грэйг зээлээр тус тус авч, Шотландын Селтикээс Жереми Фримпонг хэмээх 2000 оны хүүг худалдан авчээ.

  • Шальке 04

Цагтаа Бундеслигийн топ багуудын нэг явсан Шальке 04 баг өдгөө хүснэгтийн хомоолыг хамж, доод лиг рүү унахад ойрхон байна. Багийн удирдлагууд нь ч зүгээр нэг бууж өгөхийг хүсэхгүй байгаа бололтой. Өвлийн солилцоо наймааны цонхоор Нидерландын Аяаксаас Клас-Ян Хунтеларыг эргүүлэн авч, Арсеналаас хамгаалагчид болох Шкодран Мустафи, Сеад Коласинач нарыг, Вольфсбургээс довтлогч Уиллиамыг тус тус зээлээр багтаа нэгтгэжээ. Дээрх тоглогчид Шальке 04 багийг аварч чадах болов уу?

  • Атлетико Мадрид

Испанид Атлетико Мадрид баг сонирхолтой наймаануудыг хийсэн. Ла лигийг тэргүүлэгчид Францын Лионоос довтлогч Мусса Дембелег худалдан авах нөхцөлтэйгээр зээлээр авч, цагтаа дэлхийн шилдэг довтлогчдын нэг байсан Диего Кошта зүгээр л багаасаа хасав. Сүүлд гарсан мэдээллээр Английн Вест Хэм Диего Коштад санал тавьсан ч бүтэлгүйтсэн аж.

  • Реал Мадрид

Реал Мадрид, Барселона гэх Испанийн хоёр том акул өвлийн солилцоо наймааны цонхоор чимээгүй байлаа. Арга ч үгүй л дээ. Реал Мадридын нийт өр 901 сая евро болсон бол Барселонагийн нийт өр 1.17 тэрбум еврод хүрчээ. Барселона угтаа Манчестер Ситигийн хамгаалагч Эрик Гарсиаг худалдан авахыг хүссэн ч санхүүгийн байдлаасаа болж эгнээндээ элсүүлж чадсангүй. Харин Реал Мадрид Япон авьяастан Такэфүса Күбог Хетафе руу, Герман довтлогч Лука Йовичийг Айнтрахт Франкфурт руу тус тус зээлээр явуулжээ.

  • Севилья

Андалузын Севилья баг Италийн Аталантагаас Папу Гомезыг 6.25 сая еврогоор худалдан авч, зөрүүлээд Карлос Фернандезыг нутгийнхаа Реал Сосьедад баг руу 9.1 сая еврогоор заржээ.

  • Аталанта

Өнөө цагийн Европын хамгийн шилдэг довтолгоотой багуудын нэг Аталанта өвлийн солилцоо наймааны цонхоор багагүй ашигтай ажиллав. Тэд Амад Диаллог Манчестер Юнайтед руу, Папу Гомезыг Севилья руу тус тус өндөр үнээр зарсан. Харин хариуд нь Украины Шахтар Донецк багаас Виктор Коваленко гэх чадварлаг тоглогчийг ердөө 700 мянган еврогоор худалдан авчээ.

  • Ювентус

Ювентус ямар ч мөнгө зарахгүйгээр хоёр сайн наймаа хийв. Тодруулбал, Ювентус Францын Марселиас Марли Акег авч оронд нь Франко Тоньяаг өгсөн бол Женаогоос Николо Ровеллаг авч, оронд нь Маноло Портановаг өгчээ.

  • АС Милан

Одоогийн байдлаар Италийн Сериэ-А лигийг тэргүүлж буй АС Милан баг Хорват довтлогч Марио Манзукичийг чөлөөт агентын хувиар үнэгүй эгнээндээ нэгтэж, Английн Челсигээс Фикайо Томориг зээлээр авав. АС Милан багийн гол тоглогч Златан Ибрахимовичийн хэлж буйгаар Марио Манзукич тэр хоёр Сериэ-А лигийг айлгах довтолгооны хослол гэнэ.

  • Рома

Америк залуу тоглогчид сүүлийн үед Европын хөлбөмбөгт ихээр танигдаж байна. Өвлийн солилцоо наймааны сүүлийн өдөр Рома АНУ-ын Даллас багийн 19 настай хүү Брайн Рейнолдсыг 7 сая еврогоор худалдан авчээ. Үүнээс гадна Италийн нийслэлийн баг Хятадын Шанхай Шеньхуа багаас Стефан Эль-Шааравиг эргүүлэн үнэгүй эгнээндээ нэгтгэсэн гэнэ.

  • Удинезе

Уналтанд ороод буй Удинезе баг цагтаа Испанийн шигшээд дуудагдаж явсан Фернандо Льорентег Наполигоос нууцалсан үнээр худалдан авснаас гадна Английн Ватфорд багаас Жерар Деулофеуг 17 сая еврогоор худалдан авчээ. Ийнхүү Испанийн шигшээн хослол Удинезегийн төлөө хүчин зүтгэх болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Jonh Wick 2021-02-02 202.126.88.201

Мэдээлэл оруулж байгаа нь сайшаалтай ч мэдээллээ нягталж судалж байж оруулмаар юм.жишээ нь мартин одегаард. месүт өзил.

Avatar

Зочин 2021-02-02 109.70.100.51

— Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж