Цар тахлын аюулаас ч илүү архидалт, гэр бүлийн хүчирхийлэл нийгмийн “эмзэг сэдэв” болжээ. Жил ирэх тусам гэр бүлийн хүчирхийлэл хурцдах болсныг мэргэжилтнүүд онцолж буй. Улаанбаатар хотод л гэхэд хоногт дунджаар таван эмэгтэй нөхөртөө зодуулсны улмаас цагдаагийн байгууллагад ханддаг байна. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид нь дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхэд. Эмэгтэйчүүдийн хувьд нэг, хоёр удаагийн “гар хүрэлт”-д цагдаад дуудлага өгөх нь ховор ба аюул хоолой дээр нь тулах үед л арга буюу цагдаад ханддаг гэх. Гэхдээ цагдаад хандаагүй, хөрш нь мэдээлээгүй цоожтой хаалганы цаана нөхрийнхөө, агсам аавынхаа “харгислал”-ыг хэчнээн хүүхэд, эмэгтэйчүүд тэвчиж байгааг хэлэхэд хэцүү.
Тоон мэдээ сөхвөл, цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ээс хойш гэр бүлийн хүчирхийллийн дуудлага хоногт дунджаар 120-150 бүртгэгдэж байна. Үүнээс өмнө хатуу хөл хорионы үед гэр бүлийн хүчирхийллийн дуудлага хоногт дунджаар 50-70 бүртгэгддэг байв.
Өнөөдөр амьсгалын замаар халдварладаг covid-19 халдвар хүн амын аюулгүй байдалд заналхийлж байгааг үгүйсгэхгүй ч гэр бүлийн хүчирхийлэл элэг бүтэн гэр бүлд тахлаас ч илүү айдас, аюул дагуулаад буйг анхаарахгүй бол болохгүй нь. Ердөө жил хүрэхгүй, хэдхэн сарын өмнө есхөн настай бяцхан охин хойд эцгийнхээ гарт амиа алдсан нь монголчуудыг цочирдуулсан. Нийгэмд ч том анхааруулах дохио өгснийг мартах учиргүй. Гэр бүл салалт, төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй хайнга үйлдлийн хохирогч нь бяцхан охин байсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг чангаруулж, 2017 оноос шинэчилсэн найруулгаар мөрдөж эхэлсэн. Харин мэргэжилтнүүд одоо мөрдөгдөж буй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн дүгнэж байна вэ?
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ НЭМЭГДСЭН НЬ ХӨЛ ХОРИОГ СУЛРУУЛСАНТАЙ ХОЛБООГҮЙ
ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, хошууч Э.БАЯРБАЯСГАЛАН:
–Хөл хориог сулруулснаас хойш цагдаагийн байгууллагад хоногт бүртгэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл эрс өссөн үзүүлэлттэй байна. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил нэмэгдэж буй шалтгаан?
–Хөл хорионы дэглэмийг сулруулснаар гэр бүлийн хүчирхийлэл өссөн гэж ойлгож болохгүй. Хатуу хөл хорионы үед цагдаагийн байгууллагад хоногт дунджаар гэр бүлийн хүчирхийллийн 70-90 дуудлага бүртгэгддэг байсан. Харин энэ сарын 11-ээс хөл хорионы дэглэмийг сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжснээс хойш гэр бүлийн хүчирхийллийн дуудлага цагдаагийн байгууллагад хоногт 100-150 бүртгэгдэж байна. Энэ нь хөл хориог сулруулсантай холбоогүй, цагдаагийн байгууллагад ердийн үед хоногт бүртгэгддэг байсан үзүүлэлт.
Нийт дуудлага мэдээллийн 90 орчим хувь нь нийслэлд бүртгэгдэж байна. Дуудлага мэдээлэл өссөн нь дээрх дурдснаар далд үйлдэгдэж буй гэмт хэргийг хөршийн оролцоотойгоор цагдаагийн байгууллагас илрүүлж, зөрчлийн болон Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, цоожтой хаалганы цаана үйлдэгддэг гэмт хэрэг өмнө нь далд байсан бол одоо хөндлөнгийн ажиглалт, хяналтын тусламжтай ил болж байна гэсэн үг.
Гэр бүлийн хүчирхийллийн онцлог нь хайртай дотны хүмүүс дунд болдог, хохирогчид нэр хүндээ бодоод цагдаагийн байгууллагад мэдээлдэггүй, далд үйлдэгддэгээрээ онцлогтой. Архидалт, ядуурал, ажилгүйдэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх шалтгаан биш. Энэ бол нөлөөлж буй хүчин зүйл. Суурь шалтгаан нь, хүчтэй, хүчгүйн тэнцвэртэй биш харилцаа юм.
Цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор хүмүүс хөл хорионд орсноор манай улсад төдийгүй олон улсад гэр бүлийн хүчирхийлэл 30-35 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Монгол Улсын хувьд 2020 оны байдлаар гэр бүлийн хүчирхийллийн 1138 хэрэг, зөрчил бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 15 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
-Гэвч энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил буурахгүй байна. Тэгэхээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг чангаруулах шаардлагатай юу?
–Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн хэрэгжилт сайн байгаа гэж хэлж болно. Хууль батлагдахаас гурван жилийн өмнө хүчирхийлэл үйлдэгчид гэртээ дураараа авирладаг байсан. Өөрөөр хэлбэл, 2004 онд батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тунхагийн шинжтэй, зөрчлийг шалгаад өнгөрдөг байсан юм. Харин одоо мөрдөгдөж буй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 онд шинэчлэн батлагдснаас хойш хүн бүр гэр бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэг гэдгийг мэддэг болсны үр дүнд иргэдээс ирүүлэх дуудлага мэдээлэл ихэссэн.
Сүүлийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийн тухай дуудлага мэдээллийн дийлэнх нь хөршүүдээс өгч байна. Харин иргэдэд хэлэхэд, иргэний дуудлага мэдээлэл, хувь хүний аюулгүй байдлын нууцыг цагдаагийн байгууллага маш сайн хамгаалдаг тул айх хэрэггүй.
Ер нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг одоогийнхоос илүү чангаруулна гэхээс илүүтэй хүн бүр энэ талаарх ойлголт, мэдээлэлтэй болох хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хамгийн том ажил бол хөршийн мэдээлэл юм.
-Зөрчил гаргасан этгээдэд цагдаагийн байгууллагаас ямар хариуцлага тооцож байна вэ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж чаддаг уу?
–Цагдаагийн байгууллагаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар цагдаагийн алба хаагчид тухайн нөхцөлд аюулын зэргийн үнэлгээ хийж, хохирогчийг түр хамгаалах байранд авах, хамгаалалтад авах арга хэмжээ авдаг. Хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан хохирсон, аюулын зэрэг өндөр бол түр хамгаалах байранд авна.
Зөрчлийн тухай хуулиар хүчирийлэл үйлдэгчийг 7-30 хоног баривчлах заалттай, энэ хугацаанд албадан сургалтад хамруулдаг. Хэрэв гэр бүлийн хүчирхийллийг нэг бус удаа үйлдвэл Эрүүгийн хуулийн 11.7-д заасны дагуу 2-5 жилийн ял оноох хариуцлага хүлээлгэдэг тул хүчирхийлэгчид дахин алдаагаа давтахыг хүсдэггүй болов уу. Мөн гэр бүлийн хүчирхийллийн зөрчил хэргийг хянан шалгах хугацаанд хүчирхийлэгч этгээд болон хохирогчийг уулзуулахгүй байх, нэг дор амьдруулахгүй байх хуулийн зохицуулалттай.
Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн л бол хохирогчийн гомдол мэдээллийг үл харгалзан хяналт, шалгалт явуулдаг.
Нөгөө талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нь зөвхөн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад зориулагдсан мэт ойлголт иргэдийн дунд бий. Энэ бол ташаа ойлголт, мэдээлэл.
Хүчирхийлэл үйлдэгчдийн дийлэнх нь эрэгтэйчүүд байдаг ч хүчирхийлэл үйлдсэн эмэгтэй хүн ч бас хуулийн өмнө хариуцлага хүлээнэ. Хоёрдугаарт, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 онд шинэчлэн батлагдснаар цагдаагийн байгууллага давхар хэд хэдэн үүрэг хүлээдэг болсон. Мөн энэхүү хуулийг дагалдах 31 журам батлагдсан. Журмын хэрэгжилтийг хангуулахын төлөө төрийн байгууллагад өмнөх үеэ бодвол уялдаа холбоотой ажилладаг болсон. Ер нь иргэдэд үйлчлэх хамгийн анхан шатны нэгж бол хорооны хамтарсан баг. Хороо, дүүргийн мэргэжилтнүүдийн хамтарсан багийнхан хохирогчдод тусламж үзүүлэх, мэргэжил аргазүйгээр хангадаг. Цагдаагийн байгууллагаас ч бас эрсдэлтэй гэж үзсэн айл өрхүүдэд долоо хоногт 2-3 удаа дуудаж, уулздаг. Хяналт шалгалт явуулдаг гэлээ.
Гэр бүлийн хүчирхийллийн хамгийн том үндсэн шалтгаан эрх мэдлийн тэнцвэргүй харилцаа, хүчтэй, хүчгүйн ялгаа. Архи согтууруулах ундаа гэр бүлийн хүчирхийллийн үндсэн шалтгаан биш аж. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль хангалттай хэрэгжиж буйг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Харин Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс эсрэг байр суурь илэрхийлэв. Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн эрхзүйн орчин хангалттай бүрдсэн ч хэрэгжилт хангалтгүй болох нь судалгаагаар ч, бодит амьдрал дээр ч тодорхой байгаа нь нууц биш хэмээв.
ТҮР ХАМГААЛАХ БАЙР ӨВЛИЙН УЛИРАЛД АЧААЛЛАА ДИЙЛДЭГГҮЙ
ХЭҮТ-ийн мэргэжилтэн С.БАЙГАЛЬМАА:
-Цар тахлын нөлөөгөөр гэр бүлийн хүчирхийллийн тохиолдол эрс нэмэгдсэн. Өнгөрсөн онд манай төвөөр үйлчлүүлсэн 1795 хүнд тусламж үзүүлсэн байна. Бид гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдолд хуулийн зөвлөгөө, эрхзүйн туслалцаа, сэтгэлзүйн зөвлөгөө өгөхөөс гадна түр хамгаалах байранд байрлуулах тусламж үзүүлдэг. Мөн итгэлтэй утасны болон онлайн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Манай төв түр хамгаалах ганц л байртай. Нийслэлд байрлах 20 ортой байр нь өвлийн улиралд ачааллаа дийлдэггүй. Гэхдээ УОК, Гэр бүл хүүхэд залуучуудын газрын тусламжтай ямартай ч үйл ажиллагаагаа тасалдуулахгүйгээр явуулж байна.
Эрх бүхий байгууллагуудаас хохирогчдод үйлчилгээ үзүүлэх байгууллагуудыг цар тахлын үед үйл ажиллагааг нь хэвийн явуулах жагсаалтад оруулсан. Хэдийгээр хохирогчдод тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байгаа ч covid-19 халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор манай төвөөр биечлэн үйлчлүүлэх зөвлөгөө боломжгүй байгаа. Одоогоор итгэлтэй утасны үйлчилгээг 9649-0505 утсаар 24 цаг тасралтгүй үзүүлж байна. Мөн онлайнаар холбогдож зөвлөгөө авах боломжтой. Гэсэн ч манайх төвөөрөө шууд үйлчилгээ үзүүлдэг учраас түр хамгаалах байранд байрлаж, эрүүл мэнд, амь нас аюулгүй байдлаа хамгаалуулах хүсэлтэй үйлчлүүлэгч хандаж ирдэг.
Манай түр хамгаалах байр нь хүүхэд, эмэгтэйчүүдэд зориулагдсан төрөлжсөн хамгаалах байр юм. Мөн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд болон хороодын хамтарсан багаас холбон зуучилж байрлуулдаг. Түр хамгаалах байраар үйлчлүүлэгчдийн 65 хувь нь хүүхдүүд. Энэ нь ээжтэйгээ хамт ирсэн болон өөрсдөө хандсан өсвөр насны хүүхдүүд ихэвчлэн байдаг. Нэг ээж түр хамгаалах байранд байрлах үйлчилгээ авлаа гэхэд хамгийн багадаа 2-5 хүүхэдтэй ирдэг гэсэн үг. Мөн бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд байна.
Бид бэлгийн хүчирхийллийн ялангуяа бага насны хүүхэд хохирогч болсон хэрэгт хуулийн бүх шатанд нь үнэ төлбөргүй өмгөөлөгчөөр ханган хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл ажилладаг. Өнгөрсөн онд бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн 20 хэрэгт ажилласан.
Бид түр хамгаалах байрны үйлчилгээ авсан иргэнийг 7-30 хоног хүртэл байрлуулдаг. Шаардлагатай тохиолдолд 90 хоног хүртэл байрлуулж, цогц үйлчилгээ үзүүлдэг. Энэ хугацаанд тухайн үйлчлүүлэгчийг хамтарсан багаар нөхцөл байдлын үнэлгээ хийлгэж, шаардлагатай үйлчилгээг төлөвлөн хамтран ажиллаж байна. Хуулийн дагуу түр хамгаалах байрнаас үйлчлүүлэгч гарахад нь хорооны хамтарсан багт нь хүлээлгэн өгч, хамтарсан багаар үргэлжлүүлэн хяналт тавьдаг юм.
Товчхондоо, бид хохирогчдоо түр хамгаалах байрнаас гарсных нь дараа орхидоггүй, хамтарсан багтай хамтран хянадаг гэсэн үг. Харин хүчирхийлэл үйлдэгчдийг түр хамгаалах байранд байрлуулж хамгаална гэсэн асуудал байхгүй, харин Зөрчлийн болон Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага оногдуулах асуудал яригдна.
Нөгөө талаас одоо мөрдөгдөж буй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль эрхзүйн орчны хувьд Монгол улсад гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах цогц тогтолцоо хангалттай бүрдсэн гэж хардаг.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчлэн найруулга нь гэр бүлийн хүчирхийллийг эрт шатанд нь илрүүлэх, цаг алдахгүй, шуурхай таслан зогсоох, хохирогч, түүний аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх болон урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны үндсийг тогтоосон. Харин хэрэгжилтийн хувьд хангалтгүй байна. Үүнийг хуульд хийж буй мониторингийн тайлангуудаас харж болно.
Манай төв нь жил бүр тус хуульд хэсэгчилсэн мониторинг хийдэг. Мөн Кримнологчдийн холбооноос сая тайлан гарсан. Жишээ нь, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан болон сайн дурын сургалтын хэрэгжилт хангалтгүй, сургалтын орчин бүрдээгүй, хуулиар үүрэг хүлээсэн мэргэжилтнүүдийн хандлагагүй, мэдлэг чадвар сул, мэргэшээгүй байдал гэх мэт хуулийн хэрэгжилт хангалтгүй.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 онд батлагдаж, 2017 оны хоёрдугаар сараас хэрэгжээд дөрвөн жил болж байгаа юм гэлээ.
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИА ЗАСАХ ЭРХ НЬ УИХ-Д БИЙ
Хэрэв Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх явцад асуудал гарч байгаа бол хуулиа засах эрх нь УИХ, Засгийн газарт байгааг зарим хуульчид онцолж байв. Өөрөөр хэлбэл, цаасан дээр сайн хууль батлан гаргаснаараа асуудал бүрэн шийдэгдэхгүй. Харин асуудлаа барьж авч, хэрэгжилтэд анхаарах ёстой гэнэ. Одоо мөрдөгдөж буй хуулийн заалтын хэрэгжилт нь хангалтгүй хэмээн үзэж байгаа юм.
Гэрэлтэй цонх бүр аз жаргалтай байдаггүйг цахим орчноос ч бас харж болно. Цоожтой хаалганы цаана үйлдэгддэг далд хүчирхийлэл хаалттай группуудэд л өрнөх. Нэрээ нууцалж, хаалттай группт захидал илгээх хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд. Насны хувьд 18-50. Бүгд л адилхан шалтгаантай, адилхан зовлонтой. Хүчирхийлэгч нөхрөө тэсч амьдрах уу, салаад эцэггүй хүүхдүүдээ өсгөх үү? гэх асуудлаас болж яахаа мэдэхгүй эргэлзсэн эмэгтэйчүүд, ээж нар олон. Арга ядахдаа л захиа бичсэн нь тэр биз ээ. Гэр бүлийн маргаан, хүчирхийлэл үйлдэхэд хүрдэг шалтгааны талаар сэтгэлзүйчийн байр суурийг хүргэе.
ЭМЭГТЭЙЧҮҮД СЭТГЭЛ САНААГААР, ЭРЭГТЭЙЧҮҮД БИЕ МАХБОДИОР НЭГНЭЭ ХҮЧИРХИЙЛДЭГ
Цахим сэтгэлзүйн төвийн захирал, сэтгэлзүйч Б.САЙНЗАЯА:
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх үндсэн гурван шалтгаан байдаг. Нэгдүгээрт, хувь хүний удамшил, суурь онцлог. Хоёрдугаарт, гэр бүлийн орчин буюу өсч эцэг эхийн нөлөөлөл. Гуравдугаарт, нийгмийн байр суурь, ажилгүйдэл, ядуурал, архидалт, цахим орчин зэрэг хүчин зүйлс.
Ерөнхийдөө гэр бүлийн орчин, эцэг эхийн буруу үлгэр дууриал зэрэг нь хувь хүний зан төлөвт нөлөөлдөг. Аливаа хүчирхийллийн /бие махбод, сэтгэл санаа/ нөлөөнд өссөн хүүхдийн сэтгэл санаа гэмтдэг. Ялангуяа сэтгэл санааны суурь шархтай, сэтгэцийн хувьд өөрчлөлттэй хүмүүс хүчирхийлэл үйлддэг.
Сэтгэцийн хувьд өөрчлөлттэй бол хэчнээн өндөр боловсролтой, диваажин шиг амьдралтай байсан ч хүчирхийлэгч байдаг. Харин нийгмийн давхарга, эдийн засаг, архидалт, мансууруулах бодис, цахим орчин, найз нөхөд, архидалт, ажилгүйдэл зэрэг нь дагалдах хүчин зүйлс болдог. Эдгээр нь хүчирхийлэл үйлдэх, өдөөх сэдлийг төрүүлдэг гэсэн үг.
Гэхдээ хамгийн аюултай бөгөөд урт удаан хугацаанд үргэлжилдэг хүчирхийллүүдийг дагуулдаг нь сэтгэл санааны хүчирхийлэл юм. Үл тоох, хайхрамжгүй хандах, хайрлахгүй байх, үг хэлээр басамжлах, доромжлох зэргээр сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг. Тэгэхээр хүчирхийлэлд өртөж буй хүмүүс ч бас хүчирхийлэгчид байдаг.
Тухайлбал, “Чи намайг яаж чадах юм”, “Чи юу хийж чадах юм, “Арчаагүй амьтан” зэргээр эсрэг хүйстнээ басдаг. Энэ мэтчилэн сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсээр, эцэст нь биемахбодийн хүчирхийлэлд өртдөг. Удаан хугацаанд сэтгэл санааны дарамтанд орсон хүн нэг л өдөр “тэсэрч” эсрэг хүйстэндээ “гар хүрдэг”. Ихэнх хүмүүс хүчирхийллийг нүдэнд харагдах байдлаар биемахбодийн хувьд ойлгож, нэг удаа цохивол хүчирхийлэл гэж тусгаж авдаг. Гэвч жинхэнэ хүчирхийлэл бол нүднээс далд үйлдэгддэг сэтгэл санааны хүчирхийлэл юм. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид өөрсдөө удаан хугацаанд сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн байдаг учраас хүчирхийлэгч биемахбодийн хүчирхийлэл үйлдэх, гар далайхад нөлөөлдөг.
Монгол Улсын хүн амын 70 хувь нь сэтгэл санааны гэмтэлтэй гэх судалгаа бий. Нийт 3 сая гаруй хүн амын 2 сая нь сэтгэлзүй эрүүл биш гэсэн үг. Үлдсэн хувь нь буюу нэг сая орчим нь сэтгэл санааны гэмтэлгүй. Ийм хүмүүсийн дийлэнх нь хүүхдүүд болон иог, бясалгалаар хичээллэгсэд буюу өөртөө анхаардаг хүмүүс байгаа юм. Сэтгэл санаа хэвийн биш байхад дэргэдээ байгаа нэгэндээ “гар хүрэх”-нь тодорхой. Хүчирхийллийг сэтгэл үйлддэг гэсэн үг.
Эмэгтэйчүүдийн хувьд сэтгэл санааны хүчирхийлэл давуу байдаг бол эрчүүд бие махбодийн хүчирхийлэл үйлдэх нь давуу байдаг. Харин хүүхэд эцэг, эхийн хохирогч болдог. Эхнэртээ болон нөхөртөө уурласан уураа хүүхдэд гаргах, гар хүрэх нь түгээмэл. Эхнэр болон нөхрөөсөө үг хэлээрээ илүү гарахгүй гэдгээ мэдрэхээрээ хүн гар далайхад хүрдэг. Нэг хүнээс нэг нөгөө хүн рүү хүчирхийлэл үйлдэгдэж буй тохиолдолд гэр бүлийн бусад гишүүд ч бас хүчирхийлэлд өртдөг. Бага залуу насанд бие махбод, бэлгийн хүчирхийлэлд өртөх нь их. Дунд насанд эмэгтэйчүүд бие махбодийн хүчирхийлэлд өртөх нь их бол эрчүүд сэтгэл санааны хүчирхийлэлд өртдөг. Мөн өндөр настнууд эд материал, эдийн засгийн хүчирхийлэлд маш их өртдөг. Залуусын хувьд бэлгийн хүчирхийлэл үйлдэх нь илүү байдаг.
Нөгөөтэйгүүр, гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан нь, хосууд бие биетэйгээ ярилцдаггүйд биш. Хоорондоо ярилцаад ч ойлголцож чадахгүй, нэгийгээ нэгтгэж чадахгүй болохоороо бачуурдаг. Улмаар сэтгэл санааны болон биемахбодийн хүчирхийлэл үйлдэгдэх шалтгаан нь ч болно.
Сүүлийн үед 20-оос дээш насныхан гэр бүл зохиох хүртлээ гэр бүлийн орчин нь сайн, эмэгтэй хүнтэй огт харьцаж үзээгүй, архи тамхи хэрэглэдэггүй зэрэг сайн төлөвшилтэй ч гэр бүл зохиосныхоо дараа хүчирхийлэл үйлдэх хандлага ч ажиглагдаж байна. Энэ нь ямар нэгэн асуудал болоход эмэгтэй хүнтэй харьцаж мэдэхгүй, аргаа олохгүйгээс асуудал үүсгэдэг, хүчирхийлэл үйлдэхэд хүрдэг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөрсдийгөө танин мэдээгүй, хүйсийнхээ тэнцвэртэй байдлыг ч олоогүй үедээ сэтгэл хөөрлөөр гэр бүл зохиож, улмаар үл ойлголцол, маргаан, хүчирхийлэл үүсэх шалтгаан болж байна. Ялангуяа, бусдаас бурууг хайдаг хүн өөрөө хамгийн асуудалтай нь. Хэчнээн өөрийнхөө бурууг ухамсарласан ч бусдыг илүүтэй /эхнэр, нөхөр/ буруутгаж байдаг. Сэтгэлзүйн зөвлөгөө авч буй хүмүүсийн 2/3 буюу 30 хувь нь гэр бүлийн асуудлаар зөвлөгөө авч байгаа нь маш их хувийг эзэлж байна.
Холбоотой мэдээ