Хөл хорио: Эдийн засгаа аврах уу, эрүүл мэндээ хамгаалах уу?

Хуучирсан мэдээ: 2021.02.02-нд нийтлэгдсэн

COVID-19

Хөл хорио: Эдийн засгаа аврах уу, эрүүл мэндээ хамгаалах уу?

Хөл хорио: Эдийн засгаа аврах уу, эрүүл мэндээ хамгаалах уу?

Засгийн газрын зүгээс дотоодын бизнесээ таг зогсоочихгүйн тулд хөл хорионы дэглэмийг сулруулах бодлого барьж буй ч сүүлийн өдрүүдэд эх үүсвэр нь тодорхойгүй цар тахал нийслэлд дэгдсэн нь дахин хөл хорионд оруулах тухай хөндөх болсон. Эдийн засаг чухал ч халдварыг нийслэлд амьдарч буй 1.5 сая хүний асуудал болгож, халдварын цар хүрээг томруулахгүй байх ёстой. Мэргэжлийн 20 байгууллагын хийсэн эрсдэлийн үнэлгээгээр Улаанбаатар хотод тархсан халдвар нийт иргэдийн дунд тархах магадлал маш өндөр гарсан. Тиймдээ ч хөл хориог 16 хоног сунгах саналыг гаргаад байна.

Судалгаагаар “Сар шинийн баярын өдрүүдэд буюу 2021 оны хоёрдугаар сарын 6-21-ний өдрүүдэд 16 хоногийн хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлвэл иргэдийн дунд халдвар тархах эрсдэл 90 гаруй хувиар буурна” гэжээ. Хэрэв эдгээр өдрүүдэд хөл хорионы дэглэмийг сулруулбал гуравдугаар сард цар тахлын халдвар нийтийн дунд тархах маш өндөр эрсдэл хүлээж буй.

Иймээс Засгийн газар хөл хориог сунгах болов уу гэсэн таамаг байна. Өчигдөр /2021.02.01/ ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээллээр 35 хүнээс халдвар илэрсэн. 

УОК-ын дэргэд бүрдсэн судалгаа шинжилгээний багийн эрдэмтэн МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих “Энэ долоо хоногийн Бямба гаригаас буюу хоёрдугаар сарын 6-21-нийг дуустал 16 хоногийн хөл хорио тогтоох хэрэгтэй. Хөл хорио тогтоохгүй бол гуравдугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо 3000 болж, ачааллаа дийлэхгүйд хүрнэ. Тэр үед хүнд өвчтөнийг эмчлэх, хөнгөнийг гэрт нь хязгаарлах гэхчилэн олон улсын жишигт орно. Тэгвэл нийт өвчлөгчдийн хоёр хувь нь амиа алдах тооцоолол бий. Хэрэв хөл хориог 14 хоногоор тогтоовол эмнэлгийн ачааллыг 1000 орчимд барина. Нас баралтын түвшин бага байлгаж чадна. Хөл хориог тогтоовол маш чанартай, зохион байгуулалттай хийх ёстой” гэв.

Харин шинээр бүрэлдсэн УОК, Шадар сайд, Засгийн газрын зүгээс "Хөл хориог урт хугацаагаар тогтоох нь эдийн засгийг улам дордуулна" гэсэн байр суурьтай байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэлд хөл хориог удаан хугацаанд үргэлжлүүлбэл дөрөвдүгээр сарын 1 гэхэд 500 мянган ажлын байр эрсдэлд орох тооцоог гаргажээ.

Нөгөө талаас хатуу хөл хорионы уршгаар хувийн хэвшлүүд ажиллах боломжгүй болж, эдийн засаг хүндэрч байгааг анхаарлаас гадуур тавьж болохгүй. Тиймээс аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллахыг хичээнэ гэдгээ  шинэ Засгийн газар  илэрхийлсэн байна.

Бизнес эрхлэгчид 2020 оны арваннэгдүгээр сарын 12-оос арванхоёрдугаар сарын 1 хүртэл 152900 ажлын байрыг цомхотгосон. Харин гуравдугаар сарыг хүртэл үргэлжлүүлбэл хагас сая хүн ажлын байраа алдана гэдгийг тухайн үед мэдээлж байв. Орлогогүй болсон аж ахуйн нэгжүүд цалингаа тавьж чадахгүйн улмаас ийнхүү ажлын байраа цомхотгохоос өөр аргагүйд хүрсэн гэдгийг МҮХАҮТ мэдээлсэн билээ. Хэрэв хатуу хөл хориог энэ хэвээр үргэлжлүүлэхээс өөр аргагүй бол Засгийн газар хувийн хэвшлээ дэмжсэн эдийн засгийн арга хэмжээ хэрэгжүүлэх, зарим үйлчилгээг хүргэлт рүү шилжүүлэх шаардлага ч тулгарч буй юм. Covid-19 цар тахлыг үндэсний хэмжээний асуудал болгохгүйн тулд Засгийн газар шинжлэх ухаанд суурилсан, дотоодын нөөцөө зөв тооцсон, эрсдлийг харсан зөв шийдвэр гаргах шаардлага тулгараад байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж