Орон сууцгүй, оффисийн барилгагүй магнат

Хуучирсан мэдээ: 2021.02.02-нд нийтлэгдсэн

76:1

Орон сууцгүй, оффисийн барилгагүй магнат

Орон сууцгүй, оффисийн барилгагүй магнат

“NEWS” агентлаг 76:1 буландаа парламентын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулдаг билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг онцолж байна. Түүний хувьд анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон хууль тогтоогч дундаа шинэ хүн ч, улс төрийн карьераа МАХН-ын дарга Н.Энхбаярын зөвлөхөөс эхлүүлж байжээ.

Сэтгүүлч, орчуулагч, эрхзүйч мэргэжилтэй ч мэргэжлээрээ хоёрхон жил буюу 1994-1996 онуудад “НИК-ЭЛЧ” сонинд ерөнхий эрхлэгчээр ажилласныг эс тооцвол бизнесийн салбарт голлон ажилласан. Түүнийг "Сод Монгол" группын ерөнхийлөгч гэдгээр олон нийт илүү танина.  Өмнө нь 2012 оноос хойш УИХ-д нэр дэвших бэлтгэлээ хангаж байсан ч  бүтэлгүйтэж байсан. Тэр болгондоо тэрбээр нутаг усаа сольдог нэгэн байв. Харин  2020 оны УИХ-ын сонгуульд ээжийнхээ нутаг Булган аймгийг сонгож нэр дэвшсэн нь ялалт байгуулсан. Улс төрд хожуу хөл тавьсан тэрбээр МАН-ын гол санхүүжүүлэгчдийн нэг байсан учраас түүнд квот олгосон гэдэг.

Түүнийг улс төрд орж ирэхээс өмнө бизнесийг нь тойрсон  элдэв сөрөг  мэдээллүүд хэвлэлийн хуудснаа хамгийн их  гарсан учраас одоо дурдах нь илүүц биз ээ.

Улстөрчийнх нь хувьд үнэлж, дүгнэхэд эртэднэ. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар УИХ-аар хэлэлцэж байгаа асуудал бүртэй зууралдаад байдаггүй  ч хөдөө аж ахуй, малчидтай  холбоотой асуудалд дуугүй өнгөрнө гэж үгүй.

Шалтгаан нь Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг ТББ-ын тэргүүнээр ажиллаж байсны хувьд малчдад тулгамддаг асуудлыг хамгийн сайн мэдэх гишүүдийн нэг. УИХ-д орж ирсэн даруйдаа Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, газар тариалан, төмс хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэх зорилготойгоор УИХ-ын гишүүдийн лобби бүлгийг тэрбээр санаачлан байгуулсан. Тус лобби бүлгийн гол зорилго нь 2024 он гэхэд малын хулгайгүй болгох чиглэлд ажиллана. Ингэхийн тулд  Малын хулгайтай тэмцэх хуулийг амьдралд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн.

Сүүлд УИХ-ын хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх үеэр "Сод Монгол”-ын эзэн Ц.Анандбазар Монголд хуурамч шатахуун зардаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэрбээр энэ тухай “Монгол Улсад сүүлийн зургаан жилийн турш хуурамч шатахуун буюу керосин, нафта гэж нефтийн туслах бүтээгдэхүүнийг онцгой албан татваргүйгээр оруулж ирээд холиод автомашинд хэрэглэж байгаа. Үүнээс үүдэж улсын төсөв жил бүр 60-70 тэрбум алдсан.  Хэрэв дэлхий улс орон үүнийг зөвшөөрдөг байсан бол нефтийн үйлдвэр ч гэж байх шаардлагагүй. Өнөөдрийг хүртэл онцгой татвар авахгүй байгаа нь гэмт хэрэг шүү” гэж хэлсэн байдаг.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар  сонгуулийн үеэр  АТГ-т өгсөн ХОМ-тээ нэг ч орон сууцгүй, машингүй, оффиссын барилгагүй хэмээн мэдүүлсэн нь итгэх хүн цөөхөн биз. Ц.Анандбазарын нийт орлого 336 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 60 сая бол 569.2 сая төгрөг бүхий хурдан удмын адуу болон малтай хэмээн мэдүүлжээ. Тэрбээр гадаадын банк санхүүгийн байгууллагад 2.7 тэрбум төгрөгийн  хадгаламжтай бөгөөд дотоодын банкинд хадгаламжгүй гэж мэдүүлжээ.

Тэрбээр Сод Монгол групп ХХК, МэргэВан ХХК, Алханатрейд ХХК, Шинэ соёмбо ХХК, Эс эм жи ойл энд газ ХХК, Сайншанд рефайнери ХХК, ШТС ХХК, Бэрс-Дизайн ХХК, Сод Монгол газ ХХК, Эрдэнэт ойл ХХК-д хувьцаа эзэмшдэг.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын намтар:

ТӨГССӨН СУРГУУЛЬ:

  • 1994-Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль, утга зохиолын ажилтан
  • 1996- МУИС, эрх зүйч

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1993-Соёлын яам, Соёлын сайдын туслах
  • 1994-1996 НИК-ЭЛЧ” сонинд ерөнхий эрхлэгч
  • 1996-“НИК” ХХК-ийн харьяа “НИК-ТУР” ХХК-д гүйцэтгэх захирал
  • 1997-Нью-Тур” ХХК-д ерөнхий захирал
  • 1999- “СОД МОНГОЛ ГРУПП” ХХК-д ерөнхий захирал
  • 2000- “НИК” ТӨХК-д худалдаа эрхэлсэн захирал
  • 2001- “СОД МОНГОЛ ГРУПП” ХХК-ийн ерөнхийлөгч
  • 2008- ОХУ-тай хамтран ажиллах “Ажил хэргийн зөвлөл”, дэд ерөнхийлөгч
  • 2008- Монголын эх тайван найрамдлын байгууллагын дэд ерөнхийлөгч
  • 2010- 2009 2010“Сод Монгол Боловсрол сан”-гийн тэргүүн
  • 2013-Монголын энх тайван найрамдлын байгууллагын дэд ерөнхийлөгч
  • 2013- Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг ТББ-ын тэргүүн
  • 2020 оноос Монгол Улсын их хурлын гишүүнээр сонгогдов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
БурууБуруу
10
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж