Хятадын эрэлт Монголд боломж

Хуучирсан мэдээ: 2021.02.02-нд нийтлэгдсэн

Хятадын эрэлт Монголд боломж

Хятадын эрэлт Монголд боломж

Дэлхийн эрчим хүчний анхдагч эх үүсвэрийн 40 гаруй хувийг нүүрснээс гарган авдаг бол бүтээн байгуулалтын үндсэн түүхий эд болох гангийн бүх үйлдвэрлэлд коксжих нүүрсийг ашигладаг. Энэ онд Хятадын гангийн үйлдвэрлэл 2 хувийн өсөлттэй гарах төлөвтэй байгаа нь коксжих нүүрсний эрэлт, үнэ боломжийн байна гэсэн найдвар төрүүлж буй юм. Бид энэ удаа "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буландаа Хятадын коксжих нүүрсний төлвийн талаар онцолж байна.

Зах зээлийн судалгаагаар, урд хөрш 2021 онд 60 орчим сая тонн коксжих нүүрс импортлохоор төлөвлөжээ. Өнгөрсөн оны сүүл сард БНХАУ-д коксжих нүүрсний үнэ сүүлийн дөрвөн жилд байгаагүй өндөр түвшинд хүрч өссөн.

“Hexun Futures”-ийн шинжээчид "Монголд Covid-19-ийн шинэ тохиолдлууд бүртгэгдэж, халдварыг хязгаарлах арга хэмжээ авч буйтай холбоотойгоор хил дамнан нүүрс тээвэрлэх ачааны машины тоо 2020 оны аравдугаар сараас хойш 80 орчим хувиар буурсан. Коксжих нүүрсний үнэ огцом өссөн нь Монголын нүүрсний гаалийн бүрдүүлэлт огцом буурсантай холбоотой” гэж мэдэгдсэн билээ.

АВСТРАЛИ ӨНГӨРСӨН ОНД ХЯТАДЫН ХАМГИЙН ТОМ НҮҮРС НИЙЛҮҮЛЭГЧ БОЛЖЭЭ

БНХАУ коксжих нүүрсний томоохон нийлүүлэгч болох Австралийн импортод хязгаарлалт тогтоосны улмаас нүүрсний үнэ өссөн. Энэ онд ч Австралиас нүүрс импортлохгүй бөгөөд энэ нь ОХУ болон Монгол зэрэг улсад нүүрсний экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх боломж болохыг шинжээчид онцолж буй юм.

2020 оны сүүлийн сард Далянь хотын биржид коксжих нүүрсний фьючерс хэлцлийн үнэ 4.1 хувиар өсч, нэг тонн нь 1535 юаньд хүрсэн нь 2016 оны арваннэгдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон.

Хятад улс Австралиас нүүрс авахаа зогсоосон ч өнгөрсөн онд Австралийн хувьд Хятадын хамгийн том нүүрс нийлүүлэгч болсон байна. Тодруулбал, тус улсаас өнгөрсөн онд нийлүүлсэн коксжих нүүрсний хэмжээ 35.5 сая тоннд хүрч, Хятадын импортын 51 хувийг, харин Монгол Улсаас 28.6 сая орчим тонн буюу 32 хувийг тус тус нийлүүлжээ.

Хэдийгээр нийлүүлэлтийг хориглосон ч Австралийн нүүрс өөр улсуудын нэрээр Зүүн Азийн худалдааны компаниудаар дамжин Хятадад нийлүүлэгдэх тохиолдол гарч байгаа аж.

ОХУ 2020 онд 6 сая тонн коксжих нүүрс Хятадад нийлүүлжээ. Өнөөдрийн хувьд Австралийн нүүрсний орон зайг нөхөх хамгийн өндөр боломжтой орнуудаар ОХУ, Канад, Мозамбик, Индонез зэрэг улс нэрлэгдэж байна. Харин Монголын нүүрсний хувьд Австралийн нүүрсийг орлох дүр зураг харагдахгүй байгаа ажээ.

Өнөөдрийн байдлаар БНХАУ-д цаг агаар хүйтэрч, нүүрсний үнэ өсчээ. Үүнтэй холбоотойгоор томоохон нүүрсний уурхайнууд Сар шинийн баярын үеэр амрахгүй ажиллаж, нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр болсон байна.

ХЯТАД ЭНЭ ЖИЛ 75 ОРЧИМ САЯ ТОНН КОКСЖИХ НҮҮРС ИМПОРТЛОНО

Монголын нүүрс экспортлогч компаниуд, судлаачид өнгөрсөн сарын 28-ны өдөр Хятадын нүүрсний импорт, гангийн үйлдвэрлэлийн компаниудын төлөөлөгч нартай "Нүүрсний худалдаа-2021" сэдэвт онлайн уулзалт зохион байгуулсан. Хоёр талын шинжээч, мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, Монголоос Хятад руу экспортлох коксжих нүүрсний хэмжээ 36 сая тонноос хэтрэхгүй нь. Эндээс 2021 онд 42 сая тонн нүүрс экспортлох манай улсын зорилго бүрэн биелэх боломжгүйг харж болох юм.

“Монгол нүүрс ассоциаци”-ийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргалын мэдээлж буйгаар, цар тахлын үед Хятадын нүүрсний импорт буураагүй, өнгөрсөн жил нийт 72.5 сая тонн коксжих нүүрс экспортолжээ. Энэ жил Хятадын коскжих нүүрсний хэрэглээ 630 орчим сая тонн хүрэхээс 75 орчим сая тонныг нь импортоор авна гэж тооцсон байна.

Өмнөд хөршийн нүүрс хэрэглэдэг гол салбаруудын өсөлт 2-2.5 хувь байна гэж төсөөлж байгаа тул энэ жилийн хувьд нүүрсний зах зээл болон коксжих нүүрсний эрэлт харьцангуй тогтвортой байх нь. Төмөр замын төсөл хэрэгжвэл экспортын гарц нэмэгдэх нь гарцаагүй бөгөөд худалдаа илүү найдвартай болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Цар тахлын улмаас нүүрсний нийлүүлэлт багассан ч нэвтрэлт жигд, найдвартай байх нь илүү боломжийг нээх билээ. Зах зээл нь байгаа учраас Хятадын талаас Монгол Улсын хувьд хил гаалийн нэвтрэлт дээр гол анхаарлаа хандуулах нь чухлыг онцолжээ.

Хятад дэлхийн тэрбум тонн нүүрсний хэрэглээний талыг нь ашиглаад, талыг нь олборлодог том гүрэн. Тиймээс коксжих нүүрсний хомсдол үүснэ гэсэн ойлголт байхгүй. Тэнд коксжих нүүрсний үнэ өсөх нь Монголын хувьд том нөлөө. Үнэ өссөн үед ахиу боломж хүртэхийн тулд бид бүх чадлаараа хөдлөх хэрэгтэй. Боломжийг ахиу ашиглахын тулд урд хөрштэйгөө илүү ойлголцох, хил боомтоо сайн ажиллуулах шаардлагатай юм.

"Монгол нүүрс ассоциаци"-аас мэдээлснээр, манай улсын нүүрс экспортлогч компаниуд хүчин чадлаа бүрэн дүүрэн ашиглаж, төр, засаг тээвэрлэлт, экспортыг бодлогоор дэмжиж, хил, гааль дээр хөнгөн шуурхай ажиллаж чадвал зорилгодоо хүрэх боломж бий юм.

Эх сурвалж: GLOBAL ECONOMY, BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж