Өрх бүрд сая төгрөг өгөх асуудлаар ээлжит бус чуулган хуралдах уу?

Хуучирсан мэдээ: 2021.02.02-нд нийтлэгдсэн

Өрх бүрд сая төгрөг өгөх асуудлаар ээлжит бус чуулган хуралдах уу?

Өрх бүрд сая төгрөг өгөх асуудлаар ээлжит бус чуулган хуралдах уу?

УИХ-ын намрын ээлжит чуулган завсарласнаас хоёр хоногийн дараахан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг хуралдуулах тухай саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр /2021.02.01/албан бичгээр хүргүүллээ.

Монгол Улсын их хурлын тухай /Шинэчилсэн найруулга/-д

19.1-д Ээлжит чуулганы чөлөө цагт ээлжит бус чуулган зарлан хуралдуулж болно.

19.2. Ээлжит бус чуулганыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар хуралдуулж болно.

19.3. Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь тодорхой асуудлыг хэлэлцүүлэхээр ээлжит бус чуулган хуралдуулах саналаа Улсын Их Хурлын даргад хүргүүлнэ.

Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлд Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг товлон зарлах буюу улс орны чанартай хойшлуулшгүй чухал асуудлыг хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган чуулахыг санаачилна. Ерөнхийлөгчийн санаачилгаар ээлжит бус чуулган чуулах бол Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчтэй тохиролцсон хугацаанд уул чуулганыг товлон зарлана.

Мөн Үндсэн хуулийн 27.3 дахь хэсэгт Улсын Их Хурлын гишүүдийн гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно” гэж тус тус заасан байдаг. Дээрх хуулиудын зохицуулалтын дагуу Ерөнхийлөгч УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах санал гаргалаа.

Тэрбээр уг албан бичигтээ ээлжит бус чуулганыг нэн даруй зарлан хуралдуулж, “Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл болон “Covid-19 халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг тус тус хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх саналтай байгаагаа тусгажээ. “Covid-19 халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” тогтоолын төсөл нь цар тахлын хүнд үед “өрх бүрд нэг сая төгрөг”-ийн дэмжлэг үзүүлэх, өрхийн худалдан авалтаар дамжуулан үндэсний үйлдвэр, аж ахуйгаа дэмжих үндсэн зорилгын хүрээнд боловсруулагдсан бөгөөд санхүүжилтыг нь “оффшор бүсээс татагдсан” хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх талаар тусгасан.

Уг тогтоолын төслийг өмнөх Засгийн газар дэмжээгүй бөгөөд харин  МАН-ын бүлэг Өрх бүрт 1 сая төгрөг өгөх тогтоолыг байнгын хороогоор ярилцана гэсэн тайлбар өгсөн.

Тэгвэл энэхүү тогтоолын төслөө Ерөнхийлөгч ээлжит бус чуулганаар хэлэлцэн шийдвэрлүүлэхийг хүслээ. Хоёрдугаарт,  “Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэхийг албан бичигтээ дурджээ.

Ерөнхийлөгчийн зүгээс 2018 оноос хойш Валютын зохицуулалтын тухай хууль дээр гаргаж буй дөрөвдэх санаачилга нь юм. Сүүлд Ерөнхийлөгч Х.Баттулга оны өмнөхөн  /2020.12.08/  УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүлж, 2018 онд УИХ-д өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар даруй хэлэлцүүлж, батлуулах тал дээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг хүссэн. Улмаар Эдийн засгийн байнгын хороо 2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Баттөмөр нарын санаачлан өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгтгэн, нэг төсөл болгож хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.

Энэхүү ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнг, гишүүдээр нь УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Б.Жавхлан, О.Цогтгэрэл, Б.Энхбаяр нар бүрэлдэхүүнд орж ажиллахаар болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ дагуу санаачлан боловсруулсан уг хуулийн гол зохицуулалт нь стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашигладаг, ихээхэн хэмжээний гадаад валютын орлоготой үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монгол Улсын банкаар гүйцэтгэдэг байх зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн орлогыг төв банкаар дамжуулах агуулгатай ийм хууль.

Харин Б.Баттөмөр, М.Оюунчимэг гишүүдийн өргөн барьсан Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх мөн гадаад худалдаа, валютын урсгалыг нэмэгдүүлэх, валютын ханшийг тогтворжуулах, валютын зах зээлийн нэгдсэн платформтай байх зохицуулалт тусгагдсан юм. Тиймээс нэг хууль боловч хоёр  тусдаа субьектээс өргөн барьсан хуулийн төслүүдийг нэгтгэн боловсруулахаар УИХ-аас шийдвэрлэсэн.

Эдийн засагчдын хувьд дээрх хуулийг  өнөөгийн нөхцөлд хэлэлцэх нь тохиромжгүй санаачилга гэж үзэж байгаа юм. Учир нь эдийн засаг, нийгмийн хувьд хүнд үеийг давж байгаа ийм үед тодорхой гадаадын хөрөнгө оруулагчийн нэрийг дурдан, хуулийн өөрчлөлт хийх тухай ярьж байгаа нь зохистой бус юм. "Ийм үед бид харин ч дотоод, гадаад бүх эрсдэлээ тооцсон үйлдлүүд хийх хэрэгтэй. Нөгөө талаас энэ нь бидний зүгээс гадаад зах зээлд өгөх бас нэг сөрөг дохио болно. Ингэснээр бидний хүлээж болох ирээдүйн эрсдэлийг даван туулахад сөргөөр нөлөөлнө. Энэ цаг үед төслийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг Валютын зохицуулалтын тухай хуультай уялдуулан хөндөж байгаа нь сайнаар нөлөөлөхгүй нь тодорхой” гэдэг байр суурийг зарим эдийн засагч хөндсөн.

2017 онд дотоодын банкин дахь дансаар дамжуулан гадаадын хөрөнгө оруулалттай төслийн орлогыг байршуулах тухай асуудал УИХ-ын тогтоолын түвшинд батлагдаад цуцлагдаж байсан. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийн хувилбарт үүнээс өөрөөр буюу Монголбанкин дахь дансаар дамжуулах тухай зааж, Төвбанкны тухай хуульд өөрчлөлт оруулахаар оруулж ирсэн байдаг.

УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар ээлжит бус чуулганыг хэдий хугацаанд хуралдуулах талаар хэлэлцэх ёстой юм. Үүний дараа УИХ-ын дарга захирамж гаргаж, ээлжит бус чуулганы товыг зарлана. Ээлжит бус чуулганыг хуралдуулах тухай Ерөнхийлөгчийн гаргасан саналд тусгасан “Өрх бүрд нэг сая төгрөг”-ийн дэмжлэг үзүүлэх тогтоолын төслийг УИХ-ын гишүүдийн хувьд дэмжихгүйгээ илэрхийлж байсан. "Ээлжит бус чуулганыг байнга зарлаад байх нь зохимжгүй. Учир нь хэлэлцэх асуудал нь тодорхой, үр дүнтэй байх ёстой. Ер нь ажиллах үедээ ажиллаад, амрах үедээ амрах ёстой" гэсэн байр суурийг гишүүд илэрхийлдэг. Хоёрдугаарт, Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд ч оруулаагүй учраас ээлжит бус чуулганыг хуралдуулах эсэх нь тодорхой бус байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж