Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 35.1 дэх хэсэгт зааснаар Соёлын биет өвийг түрээслэх, худалдах, худалдан авах, түр солилцох журмыг Соёлын өвийн газраас шинэчлэн боловсруулж байгаа тул энэ харилцааг сонирхогч, оролцогч зохих этгээд, иргэдээс журамд тусгах саналыг нээлттэй авч байна. Уг асуудлаар саналыг 2021 оны хоёрдугаар сарын 20-н өдөр хүртэл mendsaikhan@moc.gov.mn хаягаар хүлээн авна.
ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ ХУДАЛДАХ, СОЛИЛЦОХ ЖУРАМ
1.Монгол Улсын нутаг дэвсгэрт түүх, соёлын дурсгалт зүйлийг (цаашид дурсгалт зүйл гэнэ) худалдах, солилцоход энэхүү журмыг мөрдөнө.
2.Дурсгалт зүйлсийг зориулалтын дэлгүүрээр (антиквариатын) дамжуулан худалдах бөгөөд худалдаа эрхлэх зөвшөөрөл олгох журмыг Монгол Улсын Соёлын яам, Улсын гаалийн ерөнхий газар батална.
3.Дурсгалт зүйлийг худалдах, солилцохыг хүссэн аж ахуйн нэгжид Монгол улсын Соёлын яам зөвшөөрөл олгоно.
4.Антиквариатын дэлгүүрийн дэргэд Соёлын яам, ШУА-ын хамтран байгуулсан мэргэжлийн комисс ажиллаж, иргэдээс дэлгүүрт ирсэн дурсгалт зүйлийг хосгүй үнэт, үнэт, ердийн гэж ангилан худалдаалах зөвшөөрөл олгоно.
5.Антиквариатын дэлгүүрт худалдаалах зөвшөөрөл олгох, мэргэжлийн комиссийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Соёлын яам батална.
6.Дэлгүүр ирсэн дурсгалт зүйлийг улсын музейн сан хөмрөгийг баяжуулахад зориулан тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг улсын музейнүүд эдэлнэ.
7.Антиквариатын дэлгүүрт ирсэн ердийн дурсгалт зүйлийг мэргэжлийн комисс, Улсын гаалийн ерөнхий газрын хамтарсан журмыг үндэслэн гадаадын иргэд, харьяалалгүй хүнд худалдаж болно.
8.Улсын музейнүүд Соёлын яамны баталсан “Үзмэр худалан авах журам”-ын дагуу үзмэрээ баяжуулах бөгөөд харин худалаалах, солилцох тохиолдолд Соёлын яамнаа зөвшөөрөл авна.
9.Хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийг өмчлөгч нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнд уг зүйлээ худалдах, солилцохыг хориглоно.
10.Ердийн дурсгалт зүйлийг өмчлөгч нь уг зүйлээ гадаадын иргэд, харьяалалгүй хүнд худалдах, солилцох, тохиолдолд тухай сум, дүүргийнхээ дурсгалт зүйлийн бүртгэл мэдээллийн санд урьчдилан мэдэгдэнэ.
11.Хувийн өмчид байгаа хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийг бусдад худалдах, солилцох, бэлэглэх зэргээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлэх нөхцөлд өмчлөгтэй тохиролцсоноор буюу шаардлагатай тохиолдолд өмчлөгчийн хүслийг үл харгалзан тэр тэргүүн ээлжинд худалдан авна. Хосгүй үнэт дурсгалт зүйлийн үнийг харилцан тохиролцсоноор тогтоож төлөх бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүхийн журмаар шийдвэрлэнэ.
12.Соёлын яамны зөвшөөрлөөр дурсгалт зүйлийн худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж нь худалдахыг хүссэн болон худалдан авсан иргэдийн бүртгэл, худалдагдсан зүйлийн тодорхойлолт, гэрэл зургийг хавсарган авч тухайн сум, дүүргийн бүртгэл мэдээллийн санд хадгалуулна.
13.Дурсгалт зүйлийг өмчлөгч нь уг зүйлээ улсын музей, номын сан, архивт сайн дурын үндсэн дээр бэлэглэх буюу зохих үнээр худалдаж болно.
14.Дурсгалт зүйлийг хотын гудамж, талбай, зочид буудал, зориулалтын бус дэлгүүр худалдахыг хориглоно. Худалдсан этгээд Монгол улсын хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.
15.Хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийг худалдах, бэлэглэх, өвлүүлэх зэргээр өмчлөх эрхээ гадаадын иргэн, харьяалалгүй хүнд шилжүүлсэн тохиолдолд Монгол Улсын “Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хууль”-ийн 22 дугаар зүйлийн 4 заалтын дагуу хариуцлага хүлээнэ.
Эх сурвалж: Соёлын яам
Холбоотой мэдээ