Монголд Засгийн газраасаа том эрх мэдэлтэй дарга бий болсныг “Өргөө” амаржих газрын удирдлага өнөөдрийг хүртэл албаа хашиж байгаагаас харж болно. Ар тал нь том уу, аль эсвэл хариуцлагаас сугарч үлддэг арга нь юм уу бүү мэд.
Амаржаад удаагүй эхийг гэрийн халад, углааштай нь хөхөө өвлийн хүйтнээр гаргасан хариуцлагыг Засгийн газар үүрч, танхимаараа огцорсон атал “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгалан “Би чөлөөлөгдөх үндэслэлгүй” гэх тайлбар хийсэн байх юм. Бөх зүрх шүү.
Давагдашгүй хүчин зүйл гарсан бол тайлбар нь үндэслэлтэй сонсогдож болох. Гэтэл дөнгөж төрсөн эхэд хөнжил ч болтугай хөдөргөөд гаргачих сэтгэл гаргаагүйн хариуцлагыг энэ хүн тухайн өдөр жижүүрлэж байсан эмч, сувилагч, асрагч нарынхаа хамтаар хүлээхгүй юм бол хэн хүлээнэ гэж…
“Хүнээ шилжүүлэхэд бэлтгээрэй” гэх сануулгыг зургаан цагийн өмнө “Өргөө” амаржих газарт өгсөн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү ч хариуцлага хүлээсэн байтал шилжүүлэг хийх эмнэлгийн удирдлага Г.Баясгалан хүлээдэггүй нь хачин юм шүү.
Уг нь хүний мөсгүй хүйтэн хандсан энэхүү үйлдэлд хариуцлага тооцохыг хүссэн албан тоотыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан огцорхоосоо өмнө гаргаж, Нийслэлийн Засаг даргад хүргүүлжээ. Гэтэл Улаанбаатар хотын захирагчид зөвхөн Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарт л хариуцлага тооцож… Өөрөөр хэлбэл, Г.Баясгаланд хариуцлага тооцох эрх нь Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргад байж… Иймээс Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж буй тус газрын дэд дарга Л.Зэндмаа тушаал гаргаж, Г.Баясгаланг чөлөөлсөн ч хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм.
Зарим хэвлэлд бичсэнээр тэрбээр “Өргөө” амаржих газрын даргаар томилогдоод 20 гаруй л хонож байсан. Нэг үгээр хэлбэл, түүний чөлөөлөгдөх үндэслэлгүй” гэдэг тайлбар нь өмнөх дарга бэлтгэлээ хангаагүйн бурууг би хүлээх ёсгүй гэсэнтэй агуулга нэг сонсогдож буй юм.
Уг нь ёс зүйтэй хүнд бол 20 гаруй хоногийн өмнө ажил авсан ч, хоёр хоногийн өмнө ажил авсан ч адилхан, энэхүү болсон явдалд хариуцлага хүлээсэн байх ёстой юм. Харамсалтай нь, Монголын төрийн албанд тэр дундаа дунд шатанд хариуцлага, ёс зүй гэж юу байдгийг мэддэг, мэдэрдэг хүн ховор. Мэддэг ч үл тоодог уу, ийм л хандлагаар хүлээн авч ирсэн нь энэ гэж хэлж болно.
Үр дүнд нь төрийн алба авлига, хээл хахууль, хүнд сурталд идэгдсээр эцэстээ хамгийн их хүн чанар гаргаж ажиллах ёстой салбарынхан нь хүртэл хүнлэг сэтгэлээ гээж орхисон нь өнөөдрийн энэхүү эмгэнэлт байдалд хүргэлээ гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй биз.
УИХ-аас шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хууль ч төрийн албанд шигдсэн хударгагүй албан тушаалтнуудад өгөөш болж байгаа нь нууц биш. Учир нь хариуцлага алдсан албан тушаалтныг чөлөөлөхөөр шүүхэд зарга мэдүүлээд буцаад ороод ирдэг. Эцэстээ халсан хүн нь ажилгүй байсан хугацааных нь нөхөн төлбөрийг хийх "ял"-д унадаг болсон.
Гэсэн ч нялуунаас шулуун, нялцайгаас хатуу нь дээр гэдэг үгийг бодож, Нийслэлийн Засаг дарга энэ хүндээ цаг алдалгүй хариуцлага тооцно уу.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргаа томилоод чөлөөлдөгсөн үү, эсвэл дэд даргынх нь тушаалыг хэрэгжүүлдэг үү, аль нэгийг нь хий. Хариуцлага алдсан хүн бүрт хууль тэгш үйлчлэх ёстой.
Хэрэв түүнд хариуцлага тооцож чадахгүй бол хотын захирагч таны "Нийслэлийн захиргааны байгууллагуудын албан хаагчид бүх түвшиндээ ёс зүй, хариуцлагатай байж, албан үүрэгтээ хариуцлагатай хандах ёстой. Тэр дундаа төрийн дунд шатны албан хаагчдын хандлага, ёс зүйд шаардлага тавьж, иргэдэд үйлчлэх үүргээ сахиж ажиллах ёстой" гэх үг хоосон лоозон болж хувирна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд та мөн "Өргөө" амаржих газарт анхаарлаа хандуулж, хариуцлагатай, ёс зүйтэй хүн салбартаа тэнцэж ажиллах болно гэдгийг ойлгуулахгүй бол тус газартай холбоотой дуулиантай мэдээнүүд тасрахгүй л байна шүү.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ