Дэлхийн тэргүүн баян Илон Маскийн найз охин, дуучин Граймс хөдөлмөр хийхээр болсон ч хамаагүй 20 жилийн дотор Ангараг руу нүүнэ хэмээн ярьжээ.
Тэрбээр өнгөрсөн сарын 28-нд Youtube-ийн Super Chat нэвтрүүлэгт Emdel компанийн гүйцэтгэх захирал Олег Ставицки, үзүүлэх урлагийн төлөөлөгч Протей Темен, хөгжимчин Дмитри Евграфов нартай хамт оролцжээ.
Граймс хөтлөгчийн асуусан хөгжмийн ертөнцөд эргэн орох эсэх, ээж болоход төрсөн мэдрэмж, тэргүүн баяны найз бүсгүй байхын хэцүү нь юу вэ зэрэг олон асуултад хариулжээ. Мөн тэрбээр 50 орчим насандаа Ангараг гаригт очиж амьдрахаар төлөвлөж байгаагаа ярьжээ. Тэр ч байтугай хэрвээ шаардлагатай бол улаан гариг дээр амьдрахад тохиромжтой кибер биетэй болгож өгөхийг Илон Маскаас хүссэн гэнэ.
Түүнчлэн Ангараг дээр үлдсэн насаараа хүнд хөдөлмөр хийхээр болсон ч түүнд хамаагүй. Тэрбээр сансар огторгуйд маш их сонирхолтой гэдгээ хэд хэдэн уран бүтээлээрээ дамжуулан олонд таниулж байсан билээ.
Өнгөрсөн оны нэгдүгээр сард Илон Маск 2050 он гэхэд Ангараг дээр нэг сая хүн суурьшуулсан байх төлөвлөгөөтэй байгаагаа зарласан юм. Түүний тулд өдөрт гурван сансрын хөлөг дэлхийгээс хөөргөх шаардлагатай, тэрхүү хөлгүүдэд дуртай үедээ зорчих эрх Маскийн найз бүсгүй Граймс болон тэдний бяцхан хүү X Æ A-Xii нарт үргэлж нээлттэй юм.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ