Унгараас Беларус руу тээвэрлэн авч явсан циркийн заан дуу чимээтэй хотын замд аяншиж, стресстсэнээс болж, зугатсан хэрэг гарчээ.
15 настай Маркиз нэртэй Африкийн зааныг Унгараас Беларус руу авч явсан боловч заан Минск хот орохын даваан дээр Украин ордог замаар зугатаажээ.
Унгараас гарахын өмнө циркийн сургагчид заан ачиж явах жолоочид анх удаа хол замд явах гэж байгаа учраас стрестэж магадгүй гэдгийг анхааруулсан юм байна.
Машины жолооч нь ч анх удаа заан тээвэрлэж явсан учраас зааныг хэзээ хооллох, хэр их ус өгөх ёстойг мэдэхгүй туршлагагүйтсэн гэнэ.
Донсолгоо ихтэй, хол зам туулсан заан сүүлдээ хачин дуу гаргаж эхэлсэн аж. Тэр үед жолоочийн тэвчээр ч мөн барагдаж байжээ. Жолооч машинаа хилийн шалган нэвтрүүлэхээс өмнө түр зогсооход заан контейнороос үсрэн гарч, ум хумгүй зугатан алга болжээ. Жолооч зугатсан зааны талаар цагдаагийн газар мэдүүлэхээр очсон боловч оронд нь түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахаар үлээлгэсэн гэнэ.
Оргодол зааныг одоо болтол олоогүй байгаа бөгөөд Украины хилээр гарч амжаагүй гэж таамаглаж байгаа ажээ.
Беларусын тээврийн компани мэдэгдэхдээ циркийн амьтныг байнга тээвэрлэдэг боловч ийм явдал анх удаа гарч байна гэжээ. Одоо оргодол зааны хаана байгааг тогтоохоор Унгар, Беларус, Украины хилийн шалган нэвтрүүлэхийн албад хамтран ажиллаж байгаа гэнэ.
Н.ЭНХ