IHF буюу Олон улсын гандболын холбооноос зохион байгуулсан 27 дахь удаагийн эрэгтэйчүүдийн гандболын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч нэгдүгээр сарын 13-31-ний өдрүүдэд Египет улсын дөрвөн хотод болж, аваргаа тодрууллаа. Тэмцээнд дөрвөн тивийн шилдэг 32 баг өрсөлдсөний эцэст аваргаа хамгаалагч Данийн шигшээ баг финалын тоглолтонд Шведийн шигшээ багийг ялан дахин түрүүллээ. Цар тахлын улмаас үзэгчгүй, хаалттай цэнгэлдэхэд зохион байгуулагдсан энэхүү тэмцээний финалын тоглолт 16,900 хүний суудалтай Каир хотын төв цэнгэлдэх хүрээлэнд болж, Данийн шигшээ баг өрсөлдөгчөө 26-24 гэсэн харьцаатай ялж, 47 жилийн түүхэнд аваргаа хамгаалсан хоёрдахь багаар тодров.
Харин хүрэл медалийн төлөө Испани болон Францын шигшээ багууд учраа таарч, 35-29 гэсэн харьцаатай Испанийн шигшээ баг ялалт байгуулжээ.
Энэхүү тэмцээнд оролцсон Оросын гандболын шигшээ баг улсынхаа нэрэн дор оролцоогүй бөгөөд Оросын гандболын холбоо хэмээн оролцжээ.
Тэмцээний мэргэн буучаар Катарын Франкис Марзо 58 гоолтойгоор тодорсон бол шилдэг хаалгачаар Португалийн Хьюмберто Гомес 76 шидэлтийн 33-ыг нь хаасан буюу 43 хувийн гүйцэтгэлтэй хааснаараа тодорчээ.
Тэмцээний бүх оддын бүрэлдэхүүн:
- Хаалгач – Андреас Палика, Швед
- Зүүн жигүүр – Хампус Ванне, Швед
- Зүүн хамгаалагч – Миккел Хансен, Дани
- Төвийн хамгаалагч – Жим Готтфридссон, Швед
- Баруун хамгаалагч – Матиас Гидзел, Дани
- Баруун жигүүр – Ферран Соле, Испани
- Төвийн тоглогч – Лудович Фабрегас, Франц
- Үнэ цэнэтэй тоглогч(MVP) – Миккел Хансен, Дани
Ирэх 2023 оны эрэгтэйчүүдийн гандболын ДАШТ Польш, Швед улсуудын есөн хотод зохион байгуулагдана.
Холбоотой мэдээ