Монгол банхар | News.MN

Хуучирсан мэдээ: 2016.04.02-нд нийтлэгдсэн

Яруу найрагч Цээнзэнгийн Галбадрахын “Монгол банхар” шүлгийг хүргэж байна.

Нохойгүй малчны

Нойр хүрдэггүй (Хуучны үг)

Нүүдэл саахалтын тэртээгээс

Чимээ анир анддаггүй

Хоточ банхар

Нүдгүй явган шуурганаар

Чигээ алдаж төөрдөггүй

Хөтөч банхар

Буян бодож монгол нохойд

Бурхан багш хэлээ өгсөн юм гэнэ лээ

Шан горилоогүй монгол нохой тэр цагаас

Шархаа долоож эдгээдэг болсон юм гэнэ лээ

Үрийн тэнгэр наашаа гэхдээ

Монгол хүн

Үүднийхээ хацарт нохой зурж залдаг билээ

Хүйтэн бүхэн цаашаа гэхдээ

Монгол хүн

Хүүхдийнхээ тоглоомонд нохойн чихмэл хийж зүүдэг билээ

Санхарцаг сүүлээ хондлой дээрээ сөхөж гангарсан

Санаа муут уяан дээр буухад унаатай нь хоргоож чангарсан

Моод хөөж

Морьтой хөдөөгөө голж хот руу арилаагүй

Мал гэр хоёроо

Манаж үлдсэн

Үнэнч банхар

Салхи халууцаж гэлдэрсэн гал үдэд

Хэлээ унжуулж нүүдэл дагасан

Сар жиндэж одод тонгочих бүгээн шөнийн жавар дор

Хаяа дэрлэж гадаа хоносон

Дуртайдаа

Хүүхдүүдэд ноолуулах

Эрх банхар

Дуу нь хүрэх газраас нааш боохой давж зүрхэлдэггүй

Бэрх банхар

Уургандаа бялуурч

Унтаж хоцорсон хэнз ишиг

Бэлчээрт орхиж ирдэггүй

Малч банхар

Нүдээ нээлгүй газарт хөллөсөн

Араатан байтлаа

Нүүр нь улаан эзнээсээ

Насаараа зүтгэснийхээ авлагыг нэхэж хормойддоггүй

МОНГОЛ БАНХАР.

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2016-04-02 122.201.22.163

Mongol nohoi mash hovordoj baigaa. tiim bolohoor mongol nohoin tuhai ingej nydend haragdtal saihan bichih hyn dahiad bas olon turuhgyi l bol uuu. yneheer galtai tsogtoi bichsen baina.

Avatar

Зочин 2016-04-02 202.180.216.162

80-аад онд биднийг бага байхад хаврын хүйтэн өдөр манай жаахан дүү алга болчихоод хавиар нэг хайж байтал, жалганд манай шар нохойны гэдсэнд наалдаад тухтай нь аргагүй унтаж байж билээ. Шар нохой цагираглаад хэвтчихсэн. Хайр хүрмээр. Гэтэл нэг өглөө босоход цасан дээр цусан зам татуулаад хашаан дотор байсан нохойг маань нэг цагдаа буудаад аваад явж билээ. Аав хөдөө холын тээвэрт явчихсан, ээж, бидний 5 хүүхэд зуухаа тойрч зогсож байгаад л бүгдээрээ уйлалдаад л. Гөө-лөөг гэсээр байгаад, хамгийн бага дүү хэлж чаддагүй, баа-лөөг, гэсээр байгаад баалиг гэдэг нэртэй болж билээ. Нэг их удалгүй тэр хүн үйлийн үрээ эдлээд хорвоог орхисон доо зайлуул. Нохой мөн ч үнэнч, ёстой л хүний сайн нөхөр болсон амьтан шүү. Одоо өрөвдөлтэй кино үзээд, хүүхэдтэй кино үзээд уйлдаггүй мөртлөө, нохойтой бөгөөд өрөвдөлтэй кино үзэхээр охин бид 2 цийлэгнээд, эхнэр бид 2-ыг шоолоод. Аляскад хэдэн нохойгоо орхиод эргэж ирдэг авдаг кино, бас Хар чихт цагаан Бим, бас Японд газар хөдлөөд хэдэн гөлөгтэйгөө үлдээд хүү нь нохойныхоо араас явдаг зэрэг кинонууд гоё шүү.

Avatar

zochin 2016-04-02 202.9.42.3

ymar huurhun zurag yasan goy shuleg ve. nokoi ch uneheer sn and daa, nokoind durgui tejeedeggui humuus oilgohgui l bh daa. nokhoi ustgaliin talaar bichsn huntei sanal neg bnaa. zuv zuv.

Avatar

Эзэн 2016-04-02 59.153.115.53

Хотны банхар , хуцах дуу нь хуртэл хунгэнээд хоншоортой найз . Идуурлуу нь тонгойж унэрлэсэн ***** нохойн холийг хазганатал гаслуулан хаздаг , эзэндээ унэнч , эрэлхэг БАНХАР . Манай гишууд гэх 76 – аас банхарын дайны амьтан даанч алга даа – харамсалтай нь . Ордны одойнууд БАНХАРЫН хажууд голчгийнууд , хулгана нудэлсэн хуурснууд .

Avatar

Зочин 2016-04-02 59.153.114.117

Женко жинхэнэ овоо банхар юм биш үү. Чи нохой ярьж байхад улстөржихөө боль.

Avatar

Зочин 2016-04-02 103.229.122.217

тэгэхээр нохойны хэлийг шүтэх ёстой гэсэн үг үү ккк

Avatar

Зочин 2016-04-02 59.153.114.196

Үнэхээр тасархай гоё шүлэг байна. Жинхэнэ монгол банхрын тухай ингэж бичсэн шүлэг өмнө нь уншиж байсангүй. Ц.Галбадрах найрагчид улам их амжилт хүсье. Маш сайхан монгол шүлэгтэй хүн юм.

Avatar

Зочин 2016-04-02 59.153.114.196

Үнэхээр тасархай гоё шүлэг байна. Жинхэнэ монгол банхрын тухай ингэж бичсэн шүлэг өмнө нь уншиж байсангүй. Ц.Галбадрах найрагчид улам их амжилт хүсье. Маш сайхан монгол шүлэгтэй хүн юм.

Avatar

Зочин 2016-04-02 108.28.151.194

Сайхан ноходоо магталгүй яах вэ. Бас өмөөрмөөр л байгаа юм. УБ хот, аймгийн төв, зарим суманд нохой устгал гэж аллага хийдэгийг яах вэ? Ямар санаа оноо байна аа? Тэр устгагчид нь анчид гэгддэг, үнэхээр ан хийж байгаа мэт аль бие томтой, тарга тэвээрэгтэй, өнгө зүс, бие хаа сайтайг нь ***** юм. Гайгүй үр төл үлдээхийг нь л хядаад байгаа хэрэг шүү дээ. УБ хотын Захиргаанд би вээр "нохой устгах гарцаагүй шаардлагатай бол ядаж ямар үүдэр, угсаа нь мэдэгдэхгүй, давжаа, өвчтэй, бэртэлтэй, хөгшинөөс нь түүж тэр устгалын тоогоо гүйцээж байгаач ээ" гэж гуйж л байлаа. Та юу гэж бодож байна вэ?

Avatar

zochin 2016-04-02 103.57.92.170

sain nohoi ezniihee toloosond yvdag bi nohoi l tejeene

Avatar

Зочин 2016-04-02 202.131.249.130

Нохой бол үнэндээ эзэндээ үнэнч амьтан, Зураг шүлэг хоер таалагдлаа

Avatar

ахаха 2016-04-02 103.57.92.49

Нохой бол эзэндээ маш үнэнч амьтан,энэ үнэнч занг нь болдог бол зарим гишүүдэд шингээвэл мөн сайханаа.

Avatar

ан 2016-04-02 182.160.32.23

ХЭНИЙ ЗУРСАН ЗУРАГ ВЭ,ЯМАР ХӨӨРХӨН ЮМ БЭ,

Avatar

Монгол банхар 2016-04-02 202.9.41.93

Ямар хөөрхөн зураг вэ Шүлэг нь ч гэсэн. Монгол банхар нохой ч сайхан амьтан даа. Нүдэнд дулаахан, эзэнтэй элэгтэй, ээлтэй. Муу хүнийг ч яг л таньдаг юм даа. Айл саахалт олон жил явсан мөртлөө нохой их давхидаг, ер дасдаггүй хүн муу хүн байдаг юм шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж