Хуучирсан мэдээ: 2016.04.02-нд нийтлэгдсэн

Яруу найрагч Цээнзэнгийн Галбадрахын “Монгол банхар” шүлгийг хүргэж байна.

Нохойгүй малчны

Нойр хүрдэггүй (Хуучны үг)

Нүүдэл саахалтын тэртээгээс

Чимээ анир анддаггүй

Хоточ банхар

Нүдгүй явган шуурганаар

Чигээ алдаж төөрдөггүй

Хөтөч банхар

Буян бодож монгол нохойд

Бурхан багш хэлээ өгсөн юм гэнэ лээ

Шан горилоогүй монгол нохой тэр цагаас

Шархаа долоож эдгээдэг болсон юм гэнэ лээ

Үрийн тэнгэр наашаа гэхдээ

Монгол хүн

Үүднийхээ хацарт нохой зурж залдаг билээ

Хүйтэн бүхэн цаашаа гэхдээ

Монгол хүн

Хүүхдийнхээ тоглоомонд нохойн чихмэл хийж зүүдэг билээ

Санхарцаг сүүлээ хондлой дээрээ сөхөж гангарсан

Санаа муут уяан дээр буухад унаатай нь хоргоож чангарсан

Моод хөөж

Морьтой хөдөөгөө голж хот руу арилаагүй

Мал гэр хоёроо

Манаж үлдсэн

Үнэнч банхар

Салхи халууцаж гэлдэрсэн гал үдэд

Хэлээ унжуулж нүүдэл дагасан

Сар жиндэж одод тонгочих бүгээн шөнийн жавар дор

Хаяа дэрлэж гадаа хоносон

Дуртайдаа

Хүүхдүүдэд ноолуулах

Эрх банхар

Дуу нь хүрэх газраас нааш боохой давж зүрхэлдэггүй

Бэрх банхар

Уургандаа бялуурч

Унтаж хоцорсон хэнз ишиг

Бэлчээрт орхиж ирдэггүй

Малч банхар

Нүдээ нээлгүй газарт хөллөсөн

Араатан байтлаа

Нүүр нь улаан эзнээсээ

Насаараа зүтгэснийхээ авлагыг нэхэж хормойддоггүй

МОНГОЛ БАНХАР.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж