Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны ээлжит бус 17 дугаар цахим хуралдаан өчигдөр /2021.01.31/ болж, дараах асуудлыг хэлэлцсэн байна
АРДЧИЛСАН НАМЫН ДАРААГИЙН ДАРГА СОНГОГДОХ ХҮРТЭЛ ТУС НАМЫГ ТӨЛӨӨЛӨХ ЭРХ, ҮҮРЭГ С.ЭРДЭНЭД ХАДГАЛАГДАНА
Үндэсний бодлогын хороо 62 хувийн ирцтэйгээр хуралдаж, хэд, хэдэн чухал асуудал хэлэлцсэний эхэнд Ардчилсан намыг төлөөлөх эрх бүхий этгээдийн асуудлыг шийдсэн байна. Улсын Дээд шүүхийн 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 04 тоот тогтоолд Ардчилсан намын дотоод асуудлыг Улстөрийн намын тухай хуулийн 13.9-д заасны дагуу шүүх шийдвэрлэх боломжгүй гэж үзэн нээлттэй орхисон. Улмаар 2021 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр хуралдсан Үндэсний бодлогын хорооны ээлжит бус цахим хуралдаанаар дараагийн намын дарга сонгогдож, намын их хурлаар батламжлагдах хүртэл Ардчилсан намыг төлөөлөх эрх, үүрэг С.Эрдэнэд хадгалагдахаар шийдвэрлэсэн байна. С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар томилсныг 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Улсын Дээд шүүх бүртгэсэн байдаг. Ийнхүү Үндэсний бодлогын хорооны тогтоол гарч, Улсын Дээд шүүхэд хүргүүлснээр цахим бүртгэлд нь тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдээр С.Эрдэнийг бүртгүүлэх эрхзүйн үндэслэл бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намд үүсээд байсан тодорхойгүй асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдэж байгаа юм. Улмаар Ардчилсан намын дараагийн даргыг Үндсэн дүрэмд заасны дагуу сунгаа зохион байгуулж тодруулах бөгөөд нийт гишүүдийн олонхийн дэмжлэг авсан нэг хүнийг намын даргаар сонгож, их хурлаараа батламжлах учиртай.
Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд цаг алдалгүй яаралтай намын даргын сунгааг цар тахлын үеийн нөхцөл байдалтай уялдуулан, намын дүрэм, журамд нийцүүлэн хариуцлагатай зохион байгуулахыг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ энэ үеэр онцолсон юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг Сонгуулийн тухай хуульд заасны дагуу тодруулахаар болсныг Үндэсний бодлогын хорооны цахим хуралдааны үеэр илэрхийллээ.
Ч.ОТГОЧУЛУУ, Ц.УРТНАСАН, Ц.АЛТАНЦЭЦЭГ НАР АРДЧИЛСАН НАМЫН ДЭД ДАРГААР ТОМИЛОГДЛОО
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус 17 дугаар хуралдаанаар цаг үеийн болон бусад асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэсний дотор намын дэд даргын асуудал багтав. Ч.Отгочулуу, Ц.Уртнасан, Ц.Алтанцэцэг нар дийлэнх олонхийн саналаар Ардчилсан намын дэд даргаар томилогдлоо. Мэргэжлийн эдийн засагч, ажлын арвин туршлагатай эдгээр хүмүүсийг намын нийт гишүүд, залуус, олон нийтэд манлайлал үзүүлж, хариуцлагатай, ёс зүйтэй ажиллахыг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ захилаа. Үүний зэрэгцээ Ардчилсан намын Үндсэн дүрмийг үндэслэн Үндсэн дүрмийн хорооны гишүүнээс А.Амгалан, А.Долгормаа, С.Чинзориг, А.Зангад, Ж.Төмөрбаатар, Ч.Өнөрбаяр (өөрийн хүсэлтээр) нарыг чөлөөлж, оронд нь Ч.Куланда, н.Оюунбаатар, н.Сэр-Од, н.Цэцэгээ, н.Одончимэг, н.Мэдрээ нарыг томилов.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ