Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов өнгөрсөн долоо хоногт Алабай нохойн өдөр гэдэг албан ёсны баярын өдөртэй болох зарлиг гаргажээ. Зарлигт тусгаснаар жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлийн Ням гаригт энэ өдрийг улс орон даяараа тэмдэглэн өнгөрүүлэхээр болж байна.
Дээрх баяраар шилдэг алабай нохой шалгаруулах уралдаан зохион байгуулж, түрүүлсэн нохойд “Оны шилдэг алабай” цол олгож, медаль гардуулах юм. Засгийн газар нь өнгөрсөн нэгдүгээр сарын 28-нд хийсэн онлайн хуралдааныхаа үеэр Шадар сайд нь Ерөнхийлөгчид медалийн загварыг танилцуулж, Гурбангулы Бердымухамедов медалийн загварыг баталсан байна.
Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов өнгөрсөн арваннэгдүгээр сард нийслэл Ашгабат хотынхоо төвд хоточ үүлдрийн нохойнд зориулсан аварга том алтан хөшөө босгосон. Гадна талыг нь алтадсан энэхүү аварга хөшөөний суурийг тойруулсан дэлгэцээр алабай үүлдрийн нохойны дүрс бичлэг тасралтгүй гардаг аж.
Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан энэ улсыг 14 жилийн турш удирдаж буй тэрбээр алабай үүлдрийн хоточ нохойг үндэсний биет өв соёлын нэгээр өргөмжилж байсан ба уг үүлдрийн нохойны тухай ном хүртэл бичсэн юм. Түүнчлэн тэрбээр 2017 онд алабай үүлдрийн нохойн гөлгийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд бэлэглэж байв.
Нүүдэлчин гаралтай Туркменистан улсын иргэдийн уламжлалт ахуй амьдралын хэв маяг нь сайн нохой, сайн хүлэг морь чухал үүрэг гүйцгэсээр ирсэн. Ерөнхийлөгч Бердымухамедовын хувьд ч нохой, хүлэг моринд хайртай нэгэн. Бердымухамедовын өөрийнх нь морь унасан алтадсан хөшөө мөн нийслэл хотод байдаг гэнэ.
Эх сурвалж: AP NEWS
Холбоотой мэдээ