УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хоёр дахь тохиолдол

Хуучирсан мэдээ: 2021.02.01-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хоёр дахь тохиолдол

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хоёр дахь тохиолдол

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайд нар УИХ-д тангаргаа өргөж, ажилдаа орлоо. Засаг бүрдэх гэж дуншсан энэ хэдэн өдөрт албан тушаалд дурласан хичнээн хүн нойргүй хонож, сайдын суудал сэрүүн зүүдэлж хоносныг таашгүй юм. Монгол Ардын Намын цагаан байр сүүлийн хэдэн өдөр хөл хөдөлгөөнд дарагдаж, өчигдрөөс эргээд эл хуль болов.

Сайдын тохироотой энэ өдрүүдийн нэгэн тод дүр нь УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат байлаа. Түүнийг Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга болно гэж хэвлэлүүд таамаглан бичиж байсан ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс Соёлын эсвэл Боловсролын болон БОАЖ-ын сайдын аль нэгээр ажиллахыг санал болгож, намын нөхөд нь ч нэлээдгүй шахжээ. Энэ тухай МАН-ын бүлгийн гишүүд ярьж, Ж.Мөнхбат гишүүн өөрөө УИХ-ын чуулганы танхимд ил хэлж, танхимдаа ажиллахыг урьсан Л.Оюун-Эрдэнэд талархал илэрхийллээ.

Харин сайдын суудал, Ерөнхий сайдын саналаас татгалзсан шалтгаанаа Ж.Мөнхбат “Шинээр бүрдэж байгаа Засгийн газартаа урьж, нэг салбарын яамыг удирдаж ажиллаач гэсэн санал тавьсан Ерөнхий сайдад баярлалаа. Нийгмийн тархи, зүрхтэй ажилладаг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарынхаа байнгын хорооны даргаараа үргэлжлүүлэн ажиллаж Засгийн газраа бодитой дэмжиж явах болно” гэв. Сайд болж л байвал юугаа ч худалдаж, юу ч хийхээс буцахгүй болсон улстөрийн чичиргээнтэй өнөө цагт түүний энэ шийдвэр нь  үе тэнгийн залуустаа үлгэр дуурайлал болж, доод үеийн дүү нартаа сайн жишээ, жишиг эхлүүлэх улс төрийн шинэ соёл, төрийн хүний ёс зүйн хэм хэмжээг харуулсан явдал байлаа.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын улс төрийн энэхүү шинэ соёл, эхлүүлсэн жишиг нь түүний хувьд анхных биш юм. Тэрбээр МАН ялагдсан хүндхэн цаг үед намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж 2016 оны УИХ-ын сонгуульд 65 суудал авсан. Сонгуулийн дараа тухайн үеийн намын дарга М.Энхболд УИХ-ын дарга болохоо илэрхийлсэн намын Удирдах зөвлөлийн хурал дээр намын нөхдөөс нь “Намын даргын дараа эрэмбээрээ генсек албан тушаалын ам авах ёстой” гээд Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байв. Тэгэхэд Ж.Мөнхбат мөн л улс төрийн зөв манлайлал, эерэг үлгэрлэл үзүүлж “Улс орны эдийн засаг, ард түмний амьдрал хүндхэн байгаа ийм цаг үед эдийн засагч хүн Засгийн газраа тэргүүлэх нь зөв. Харин би намын гал тогоо барьж байсан туршлагадаа тулгуурлаад засгийн гал тогоог барьж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын сайд болъё” гэж Ерөнхий сайдын албан тушаалаас татгалзаж байлаа.

Ж.Мөнхбат ингэж хоёр ч удаа төрийн өндөр албан тушаалаас өөрөө хойш сууж, нөхдөө өмнөө гаргасны хүчинд Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болж байсан бол сая түүний санал, лоббигоор Л.Энх-Амгалан Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдсон нь бодит баримт юм. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын тогтоосон энэ шинэ жишиг, шинэ соёл, төрийн хүнд заавал байх ёстой ёс зүй нь Монголын улс төрд цаашид үргэлжилж, улс төрд яваа шинэ цагийн залууст зөв үлгэрлэл болох учиртай.

С.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
97
ТэнэглэлТэнэглэл
75
ХахаХаха
39
ЗөвЗөв
12
ГайхмаарГайхмаар
9
ХарамсалтайХарамсалтай
6
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж