Вашингтон, Бээжин хоёр ойлголцох болоогүй байгаа бололтой. Жо Байден Ерөнхийлөгчийн суудалд суугаад 12 хонож буй энэ үед хоёр тал хоорондын асуудалдаа ямархуу байр суурьтай хандахаа илэрхийлж эхэлсэн байна. Гэвч сүүлийн дөрвөн жилийн турш болж өнгөрсөн олон адал явдлын дараа хоёр улс асуудлаа чухам хаанаас эхлэхээ нарийн тодорхой шийдэхэд бэрх байгаа юм.
Ямартай ч хоёр тал Covid-19 цар тахал, цаг уурын өөрчлөлт зэрэг дэлхийн тулгамдсан чухал асуудлууд дээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн билээ.
Гэвч АНУ-ын талаас Бээжинг хэлэлцээрийн ширээнд урихын тулд Хятад дахь хүний эрхийн зөрчил гэх мэт асуудалд бууж өгөхгүй гэдгээ тодорхой мэдэгдсэн.
Харин нөгөө талд Хятадын тал Вашингтоныг улсын дотоод хэрэгт хэт их орооцолдож байна хэмээн буруушааж, зарим асуудлаас гараа татахгүй бол хамтран ажиллах талаар бодоод ч хэрэггүй хэмээсэн юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн шинэ дарга Энтони Блинкен өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампыг суудлаасаа буухын өмнө БНХАУ Шинжаан Уйгурын мусульман иргэдэд геноцид үйлдэж байна хэмээн мэдэгдсэнийг шинэ захиргаа үнэмшиж байна хэмээн зарласан билээ.
Түүнээс гадна Байдены цаг уурын асуудал хариуцсан шинэ элч Жон Керри АНУ оюуны өмчийн хулгайтай тэмцэх, өмнөд Хятадын тэнгис зэрэг асуудалд бууж өгөхгүй хэмээн ярьжээ. Түүний хэлснээр өмнөд Хятадын тэнгис бол Бээжингийн эзэмшил биш, олон улсын эзэмшилд байдаг аж.
Керри өмнө нь төрийн нарийн бичгийн даргын албан тушаал хашиж байсан агаад “Эдгээр асуудал бол уур амьсгалын өөрчлөлт ярихын төлөө орхих жижиг асуудлууд биш. Энэ бол бидний цаашдын амьдралд хамгийн ихээр тулгамдаж буй ноцтой асуудлууд” хэмээн ярьсан байна.
Харин Бээжин дээрх байр суурийг эсэргүүцэж, эдгээр асуудлуудыг тусад нь авч үзэхгүй гэдгээ илэрхийлэн, хамтран ажиллахыг хүсч байвал АНУ зарим асуудал дээр ухрах хэрэгтэй байгааг сануулжээ. Тэгэхдээ өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Гадаад хэргийн яам “Цаг уурын өөрчлөлт бол бүх улсын нийтлэг асуудал. Үүнийг хамтран ажиллахгүйгээр аль ч улс дангаараа шийдэж чадахгүй. Тэглээ гээд хэн ч Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох эрхгүй. Тэр тусам нь Хятад улс хамтран ажиллах, дэмжихээс татгалзах нь мэдээж” хэмээн мэдэгдсэн юм.
Түүнчлэн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Бээжин ямар нэг геноцид үйлдээгүй хэмээгээд “Энэ бол зууны хамгийн худал гүтгэлэг” хэмээн гурван ч удаа давтан хэлсэн байна.
Цаашлаад Хятадын төрийн мэдээллийн хэрэгслүүдээр Бээжинг дэлхийн хамгийн энэрэнгүй түнш, АНУ-ыг ядуу жүжигчин хэмээн дүрсэлж, Вашингтон цаг уурын өөрчлөлт гэх мэт дэлхий нийтийн тулгамдсан асуудалд анхаарал хандуулахын тулд зарим жижиг асуудлыг хаяж чадаагүй, дэлхий нийтийн ашиг сонирхлыг уландаа гишгэсэн хэмээн хүчтэй буруутгах болжээ.
Гэвч АНУ цаашид ч эдгээр асуудалд бууж өгөхгүй байх бололтой. Шинэ Ерөнхийлөгч Жо Байден кампанит ажлынхаа үеэр байр сууриа тодорхой илэрхийлсээр ирсэн билээ. Иймд хоёр улсын харилцаа гэсэх болоогүй байгаа хэмээн дүгнэж болохоор байна.
Эх сурвалж: TELEGRAPH
Холбоотой мэдээ