Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОБЕГ-т ажиллаж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар ОБЕГ-т ажиллаж байна
Posted by Монгол Улсын Засгийн газар on Sunday, January 31, 2021
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Covid-19 халдвар батлагджээ. Тус аймгийн Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компани өчигдөр /2021.01.31/ ээлж солилцох ажлыг зохион байгуулсан юм байна. Уурхай дээр Улаанбаатар, Дархан-Уул, Орхон болон бусад аймгаас ирсэн 534 ажилтан байсан.
Тус сумын уурхайд ажилладаг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай ч сүүлийн хоёр жил Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд амьдардаг 27 настай эрэгтэйгээс түргэвчилсэн оношлуураар хоёр удаа шинжилгээ авахад эерэг гарсан тул PCR шинжилгээг авсан аж. PCR шинжилгээний хариу өнгөрсөн шөнийн 02.00 цагт гарч, шинжилгээний хариу батлагджээ. Иймд Сэлэнгэ аймгийн Засаг даргаар удирдуулсан онцгой комиссын төлөөлөл газар дээр нь очиж ажиллахаар 04.00 цагт хөдөлсөн байна.
Энэхүү мэдээллийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон холбогдох албаныхан Эрүүл мэндийн яаманд байрлах Улсын онцгой комиссын шуурхай штабт өнөөдөр /2021.02.01/ажиллах үеэр Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос өглөө.
Сэлэнгэ аймагт Covid-19 халдварын батлагдсан тохиолдол нийт 217 бүртгэгдэж, сүүлийн 41 хоногт шинээр халдвар бүртгэгдээгүй байсан юм. Гэвч уурхайн ээлж солилцох үеэр халдварын нэг тохиолдол батлагдсан тул түүний ойрын болон хоёрдогч хавьтлуудын судалгааг хийж, ажиглалт хяналтад авчээ.
Засгийн газрын сайд нарыг Улсын онцгой комиссын шуурхай штабт ажиллах үеэр албаныхан дараах мэдээллийг өглөө.
МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих:
-Энэ долоо хоногийн Бямба гаригаас буюу хоёрдугаар сарын 6-21-нийг дуустал 16 хоногийн хөл хорио тогтоох хэрэгтэй. Хөл хорио тогтоохгүй бол гуравдугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо 3000 болж, ачааллаа дийлэхгүйд хүрнэ. Тэр үед хүнд өвчтөнийг эмчлэх, хөнгөнийг гэрт нь хязгаарлах гэхчилэн олон улсын жишигт орно. Тэгвэл нийт өвчлөгчдийн хоёр хувь нь амиа алдах тооцоолол бий. Хэрэв хөл хориог 14 хоногоор тогтоовол эмнэлгийн ачааллыг 1000 орчимд барина. Нас баралтын түвшин бага байлгаж чадна. Хөл хориог тогтоовол маш чанартай, зохион байгуулалттай хийх ёстой.
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:
-Цар тахлын үед Улсын онцгой комиссын шуурхай штаб өдөрт дунджаар буяны ажилтай холбоотой 25 өргөдөл, нэг сард 1300 гаруй өргөдөл хүлээн авдаг. Өчигдөр /2021.01.31/ 20.10 цагт БНСУ-аас 160 иргэнээ татан авч ирсэн. Гурван тусгаарлах байранд байрлуулсан. ХӨСҮТ-д дэмжлэг үзүүлж, хавьтал болсон иргэдийг тусгаарлах байр руу тээвэрлэдэг. Мөн иргэдийг гэрийн ажиглалтад шилжүүлэх, тэр тусмаа ХӨСҮТ-ээс 14 хоногийн хугацаа дуусч, шинжилгээний хариу сөрөг гарч “Эдгээр хүмүүсийг гарга” гэдэг албан ёсны бичиг ирсний дараа гэрийн ажиглалтад шилжүүлдэг. Одоо ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт эмчлэгдээд гарсан хүмүүс Эрүүл мэндийн хоёрдугаар төв дээр долоо болон түүнээс дээш хугацаатайгаар түр байрлаж байгаа. Тэндээс гарсан хүмүүсийг орон нутаг, нийслэлийн хороодод хүргэхдээ шууд гэрт нь хүргэж байгаа.
“Иргэд тусгаарлах байрны эд хогшил эвдэж, хайхрамжгүй хандаж байна”
Цар тахлын голомтод ажиллаж байгаа резидент эмч нарыг сургалтад хамруулдаг ч нэг биш удаа халдвар авсан. Тусгаарлах байранд сэтгэцийн эмгэгтэй хүмүүс их ирж байна. Мэргэжлийн байгууллагаас сэтгэл зүйн эмчилгээ үзүүлдэг мэргэжилтэн ажиллаж байгаа. Иргэдээс маш олон албан бичиг өдөр тутам ирдэг. Тусгаарлах байранд иргэд 14 хоног байхдаа зурагт, эд хогшил эвддэгээс болоод тусгаарлах байраа ашиглуулах аж ахуй нэгж цөөн байна.
“Эрүүл мэндийн салбартай хамтран ажиллахад хүндрэл учирсан”
Одоогийн тогтолцоогоор эрүүл мэндийн салбартай хамтран ажиллахад маш их хүндрэл учирч байна. Жишээлбэл, мэдээлэл солилцох ажил туйлын хангалтгүй. Энэ ажил Эрүүл мэндийн яаманд шилжиж ирсэн цагаас хангалтгүй байгааг хэлье. Одоо бид хариу арга хэмжээ зохион байгуулахад хэчнээн хүний нөөцөөр ажиллах шаардлагатай вэ гэхээр “Хүний нөөц байгаа” л гэдэг хариулт өгдөг. Эрсдэлийн багийн хурал болоход ХӨСҮТ-ээс “Одоо кластер өвчлөлийг дарахын тулд хариу арга хэмжээг дорвитой авахгүй бол болохгүй” гэсэн. Урин дулаан цагт ялаа, шумуул гарахад байдал улам хүндэрч болзошгүй. Нөхцөл байдлын хувьд эрсдэл их өндөр байна. Өнөөдөр Шадар сайдад танилцуулна. Энэ ажлын 50 хувь нь эрүүл мэндийн салбарын зохион байгуулалт, менежментээс хамаарч байна.
Нийслэлд 39 зочид буудлын 1900 өрөөнд иргэдийг тусгаарлаж байна
Улаанбаатар хотын эргэн тойронд 250 орчим зочид буудал, амралтын газар, сувиллын газруудаар явж үзсэн. Шаардлага хангаж байгаа байрууд маш цөөн. Өнөөдөр нийслэлд 39 зочид буудлын 1900 өрөөг ашиглаж байгаа. Ингэхдээ нэг хүн нэг өрөө, нэг гэр бүл нэг өрөө зарчмаар тусгаарлаж байна. Хоёрдугаар сард гадаадаас иргэдээ татан авах тул дундын зай нь 14 хоног байхаар төлөвлөгөөгөө гаргасан. Тусгаарлах байранд тавигдаж буй олон шаардлага бий. Тусгаарлах байрны нэг хоногийн төлбөр 50 мянган төгрөг. Тэнд иргэд ус, цахилгаан ихээр хэрэглэдэг юм байна. Сүүлд Засгийн газар энэ зардлаас чөлөөлсөн учраас гарах зардал нь багассан. Тусгаарлах байрны багтаамж их чухал. Болж өгвөл 50 хүнээс дээш багтаамжтай буудалд байх шаардлагатай байдаг.
Мөн гал тогоотой байх шаардлага тавьдаг. Жишээлбэл, “Тоёоко Инн” зочид буудал цайны газаргүй учраас заримдаа нэг километр орчим газраас өдөрт гурван удаа хоол, цай зөөхөд Нийслэлийн цэргийн штабын хүчийг дайчилж ажилладаг. Эрүүл ахуйн шаардлага гэвэл өрөө бүр душтай байх ёстой болдог. Мөн түрээслэгчгүй байх шаардлага тавьдаг. Шинэ оны зааг дээр “Амар” зочид буудал дээр нэг батлагдсан тохиолдол илэрсэн. Бид шөнө тухайн иргэнийг тээвэрлэх ажиллагаа зохион байгуулахад дөрвөн эмч нэг өрөөнд байж, нэг душ ашиглаж байсан. Тийм учраас бусад гурван эмчээс вирус илэрсэн. Тиймээс бид энэ өрөөнд эмч нар, энэ өрөөнд онцгойгийн албаныхан тусгаарлагдана гэж ялгаж өгсөн.
ОБЕГ-ын дансанд 26.1 тэрбум төгрөг байна
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд тусгаарлалтад 1630 хүн байгаагаас 1573 иргэн Монгол Улсын иргэн, 57 гадаадын иргэн юм. Нийслэлд 1529 хүн, орон нутагт 101 хүн тусгаарлалтад байна. Ачаа тээвэртэй холбоотой 6608 гомдлын дагуу ажилласан. Мөн 140 орчим хүний 153 сая төгрөгийн өр барагдуулах ажил үргэлжилж байна. Шүүхийн байгууллага ажиллаж байгаа. Онцгой байдлын ерөнхий газрын дансанд гадаадаас ирж байгаа иргэд тусгаарлалтын 14 хоногийн төлбөрөө тушаадаг. Нийт 27 тэрбум гаруй төгрөг энэ дансанд төвлөрч, буцаагаад тухайн аж ахуй нэгж, ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэг рүү нь шилжүүлдэг. Одоо 26.1 тэрбум төгрөг байгаа. Энэ дансан доторх мөнгийн Сангийн яамнаас хянадаг. Өөр зориулалтаар ашигладаггүй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Би Шадар сайдаас өдөр бүр цаг үеийн мэдээлэл авч, ажиллана. Жишээлбэл, ХӨСҮТ-ийн бохирыг хэрхэн шийдэж байгааг шалгах хэрэгтэй. Цар тахлын эсрэг вакцин оруулж ирэхээр ажиллаж байна. Шадар сайд хувийн хэвшлийнхэнтэй уулзаж, ярилцаарай. Энэ үед нийтийн бие засах газартай газрууд байж болохгүй. Амаргүй нөхцөлд ажиллаж байгааг ойлгож байгаа, хоорондоо илүү уялдаа холбоотой ажиллах шаардлагатай. Шадар сайд удирдлагыг гартаа авахыг хүсье. Хариуцлагыг бие бие рүүгээ чихэх бус хамтдаа цогц хариу арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ