Оросууд хоёр дахь удаагаа жагсч, 5000 орчим хүн баривчлагджээ

Хуучирсан мэдээ: 2021.02.01-нд нийтлэгдсэн

Оросууд хоёр дахь удаагаа жагсч, 5000 орчим хүн баривчлагджээ

Оросууд хоёр дахь удаагаа жагсч, 5000 орчим хүн баривчлагджээ

ОХУ-ын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг суллахыг шаардсан иргэд өчигдөр /2021.01.31/ хоёр дахь удаагаа эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Бие даасан хяналтын байгууллага “ОВД-инфо”-гийн мэдээлснээр Оросын 86 хотод болсон жагсаалд өмнөхөөс харьцангуй цөөн хүн оролцсон ч 5000 орчим хүн баривчлагдсан байна. Гэтэл тус улсын Дотоод хэргийн яам өчигдрийн жагсаалд нийт 2000 гаруй хүн оролцсон гэж мэдээлжээ. Үүний өмнөх долоо хоногийн амралтын өдрөөр болсон жагсаал нийт 100 гаруй хотод өрнөж, олон арван мянган хүн оролцсон бөгөөд Дотоод хэргийн яамнаас мөн л бодит тоог илт дарсан мэдээлэл гаргасан билээ.

Харин хоёр дахь удаагийн жагсаалыг газар авахуулахгүйн тул эрх баригчид хотуудын төв гудамж, талбай, метроны гол өртөөнүүдийг урьдчилж хаах арга хэмжээ авсан байна. Мөн хотын зарим дүүрэгт согтууруулах ундаа болон шилэн савлагаатай ундаа зарахыг хязгаарлажээ. Иймээс эсэргүүцлийн жагсагчид хотын төвөөр бус хотын захаар ихэвчлэн жагсчээ. Цагдаа нар уг жагсаалыг хууль бус хэмээгээд Сovid-19-ийн халдвар тараах маш өндөр эрсдэлтэй гэж анхааруулж байсан ч иргэд эрсдэлийг үл хайхран жагссан юм. Жагсагчдын эсрэг цагдаа нар бороохой, нулимс асгаруулагч хий ашиглаж байсан ба иргэдийг хөөн тарааж, бөөнөөр баривчлах арга хэмжээ авчээ. Эсэргүүцлийн жагсаалын үеэр нийслэл Москва хотод нэг тэмцэгч өөрийгөө шатааж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Путины засаглалыг эсэргүүцэгч Алексей Навальный нь өнгөрөгч оны наймдугаар сард Сибирьт ажлаар явж байхдаа хордож, улмаар Германд очин эмчлүүлж байгаад нэгдүгээр сарын 17-нд эх орондоо эргэн ирсэн билээ. Гэвч түүнийг эдэлж байсан тэнсэн харгалзах ялынхаа хугацааг дуусаагүй байхад хил давсан хэмээх үндэслэлээр Москвад онгоцноос буумагц нь цагдаа нар 30 хоногийн хугацаатай баривчилсан юм. Маргааш буюу Мягмар гаригт Навальныйн шүүх хурал болох ба хэрвээ түүнд хорих ял оноовол жагсаал тэмцэл дахин өрнөж магадгүй байна.

ОХУ-д болсон үйл явдалд олон улсын зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Ням гаригт болсон эсэргүүцлийн жагсаалтай холбогдуулан мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд, “Оросын эрх баригчид хоёр долоо хоног дараалан тайван жагсагчид, сэтгүүлчдийн эсрэг хатуу харгис арга хэмжээ авч буйд АНУ харамсаж байна. Хүний эрхийг дээдлэх үүднээс Алексей Навальный тэргүүтэй хоригдож буй хүмүүсийг суллахыг бид дахин уриалж байна” гэж дурджээ.

Харин АНУ-ын уг мэдэгдлийн дараа ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас АНУ-ыг улсын дотоод хэрэгт оролцлоо хэмээн буруутгаад Оросын иргэдийг үймээн самуунд турхирахгүй байхыг анхааруулсан байна. Тэгвэл Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел мөн “Тайван жагсагчдын эсрэг хүч хэрэглэж, олон мянган хүнийг баривчилсан явдалд харамсаж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC, Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж