Covid-19 халдвар 35 хүнээс илэрснээс СХД-ийн худалдааны төв шинэ голомт болов

Хуучирсан мэдээ: 2021.02.01-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19 халдвар 35 хүнээс илэрснээс СХД-ийн худалдааны төв шинэ голомт болов

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Sunday, January 31, 2021

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.02.01) мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-ХӨСҮТ-ийн Вирус судлалын гурван лаборатори, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод аймгийн салбар лабораторид нэгдүгээр сарын 31-нд нийт 5433 сорьцод шинжилгээ хийхэд 35 хүнээс Сovid-19 илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Бусад аймагт халдвар бүртгэгдээгүй. Эдгээр нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал ажиглан тусгаарласан хүмүүсээс илэрсэн. Хоёр дахь хавьтлын шинжилгээг хийхэд Сонгинохайрхан дүүргийн 21 хороонд байдаг худалдааны төвд ажилладаг хүнээс вирус илэрсэн. Мөн хавьтал найман хүнээс халдвар илэрлээ. Шинэ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны худалдааны төвийн голомт нэмэгдлээ.

Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн наймдугаар хороо Х-апартмент, Монос оффис, Банк бус санхүүгийн байгууллага, асрамжийн газар, гутлын цех, Микс пицца, Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны байр, Сонгинохайрхан, Баянгол дүүрэг, Наркологийн эмнэлэгтэй холбоотой газруудад халдварын голомт идэвхтэй байна. Улаанбаатар хотод нийт 980 тохиолдол бүртгэгдээд байна.

Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Ерөө сум руу уул уурхайн компанийн ажилчдын ээлж солилцох үйл ажиллагааны үеэр явсан нэг иргэнээс вирус илэрсэн. Тухайн хүнтэй хамт нэг автобусанд явсан 45 хүнийг тусгаарласан. Энэ хүн Улаанбаатар хотын халдварын голомтоос халдвар авсан учраас хот руу тээвэрлэсэн. Сэлэнгэ аймагт шинээр өвчлөл бүртгэгдсэн гэж тооцохгүй.

Ингэснээр улсын хэмжээнд багц халдварын голомтод батлагдсан тохиолдол 1306 боллоо. Өнөөдөр эмнэлгээс 35 хүн эдгэрч, гэртээ гарсан. Монгол Улсын хэмжээнд Covid-19-ийн батлагдсан тохиолдол 1814 болж, 1358 хүн буюу 75 хувь нь эдгэрсэн.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нийт 443 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд нэг, хүндэвтэр 67, хөнгөн 375 хүн эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д 197 хүн эмчлүүлж байгаа бол Цэргийн  төв эмнэлэгт 147 хүн эмчлүүлж байгаагаас маш хүнд хүн нэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 117 хүн эмчлүүлж буй. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хүндэвтэр хоёр хүн хяналтад байна. Хавдар судлалын үндэсний төвд хүндэвтэр хоёр хүн байна.

Монгол Улсад сүүлийн долоо хоногт бүртгэгдсэн халдварын мэдээллийг өмнөх дөрвөн долоо хоногийн дундажтай харьцуулахад энэ долоо хоногт нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нэгдүгээр сарын 30-ны долоо хоногт дотоодын халдварын 126 тохиолдол бүртгэгдэж, өмнөх тохиолдлоос 30 хувиар өссөн. Сүүлийн өдрүүдэд халдварын тоо эрс нэмэгдэж байна. Хэдийгээр ойрын хавьтлуудыг тусгаарласан ч гэсэн хоёр, гурав дахь хавьтлын тоо нэмэгдэж байна.

Өчигдөр мэргэжлийн байгууллагуудын салбар хоорондын эрсдэлийн үнэлгээг хийсэн. Уг үнэлгээгээр нийслэлийн хэмжээнд халдварын эрсдэл маш өндөр байна гэж гарсан. Мөн цаашид эмнэлгийн ачаалал нэмэгдэж болзошгүй. Энэ үнэлгээтэй 20 байгууллагын 30 гаруй мэргэжилтнүүд нэгдэж, санал зөвлөмж хэлж байна.

Сүүлийн үед батлагдаж байгаа тохиолдлууд 65-аас дээш насны хүмүүс.  Хожуу эмнэлэгт хандаж байна. Ард иргэд гадуур явахгүй, бөөгнөрөл үүсгэхгүй, дэлгүүр болон худалдааны төвөөр явахгүй байх хэрэгтэй байна. Нэг хүн өвдөхөд гэр бүл, албан байгууллагын хүмүүс эрсдэлд орж байна. Тийм учраас иргэд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Хэн ч, хэзээ ч халдвар авах эрсдэл өндөр боллоо. Гэр бүлээсээ төлөөлөл гаргаж, зохион байгуулалтын арга хэмжээг авах хэрэгтэй. Сүүлийн үед ирж байгаа тохиолдлууд хаяг, утасны дугаараа хэлэхгүй ажил хүндрүүлэх тохиолдол гарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж