Испанийн өдөр тутмын El Mundo сонины зүгээс өчигдөр(2021.01.31) олны анхаарлыг татсан нууц баримтыг ил болголоо. Тодруулбал, тус сонины өчигдрийн дугаарын эхний нүүрэнд алтан бөмбөгийн зургаан удаагийн эзэн, өнөө цагийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Мессигийн 2017 онд Барселона багтай байгуулсан нууц гэрээ ил болов. Энэхүү гэрээнд бичигдсэнээр Лионель Месси дөрвөн жилийн хугацаанд 555 сая еврогийн цалин болон бонусыг хүртэхээс гадна гэрээнд гарын үсэг зурсныхаа төлөө 115.2 сая еврог, лояалти бонус 77.9 сая еврог тус тус халаасалжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Мессигийн Барселона багтай байгуулсан гэрээ нь дэлхийн спортын түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүнтэй гэрээ гэнэ.
Харин түүний дөрвөн жилийн 555 сая еврогийн цалинг нарийвчлан задалбал:
- Нэг жилд – 139 сая евро
- Нэг өдөрт – 381 мянган евро
- Нэг цагт – 15,875 евро
- Нэг минутанд – 265 евро
- Нэг секундэд – 4 евро
Монголбанкны 2021.01.31-ний өдрийн ханшаар нэг евро 3,449.64 төгрөгтэй тэнцэх бөгөөд Мессигийн хувьд нэг өдөрт л 1 тэрбум 314 сая 312 мянга 840 төгрөгийг зөвхөн цалингаасаа олж байна.
Цалингаас гадна Лионель Месси Adidas, Pepsi, Gillette, Turkish Airlines, Budweiser, Lay’s, Gatorade, Jacob & Co., PES, Expo 2020 Dubai UAE зэрэг тив дамнасан томоохон компаниудтай хамтарч ажилладаг тул жилдээ л гэхэд хамтын ажиллагааны гэрээ, зар сурталчилгаанаас 27 сая евро олдог гэсэн тооцоог алдарт Форбс сэтгүүл гаргажээ.
Сүүлд гарсан мэдээллээр Мессигийн энэхүү гэрээ нь 2017 онд маш өндөр нууцлалын хүрээнд хийгдэж, ердөө дөрвөн хувь хэвлэгдсэн аж. Энэхүү гэрээний дөрвөн хувийн нэг нь Мессид, нэг нь Барселона багт, нэг нь Испанийн хөлбөмбөгийн Ла лигт, нэг нь Мессигийн үйлчлүүлдэг Куатрекасас хэмээх хуулийн фирмд хадгалагддаг аж. Өчигдрийн El Mundo сонинд хэвлэгдсэн мэдээ Мессигийн дургүйцлийг ихэд хүргэж, тус сонинг шүүхэд өгөхөөр болсон тухай Испанийн хэвлэлүүд мэдээлж байна.
Лионель Месси өөрийнх нь нууц гэрээ задарсанд их л уурлаж байгаа бололтой. Одоогоор Аргентин эрийн туслахууд болон агент нь дөрвөн хувь гэрээний аль нь алдагдсан бэ гэдгийг тогтоохоор ажиллаж байгаа гэв.
Дээрх хэрэгтэй холбогдуулан Барселона багаас гаргасан мэдэгдэлд “Өнөөдөр El Mundo сонинд нийтлэгдсэн мэдээлэл нь Барселона болон Лионель Месси нарын хооронд байгуулагдсан мэргэжлийн гэрээнээс гадна нууцлалын журмаар зохицуулагддаг баримт бичиг учир бид гүнээ харамсч байна. Барселона багийн зүгээс энэхүү мэдээллийг задруулаагүй бөгөөд El Mundo сонины гаргасан нийтлэлийн үр дүнд учирч болзошгүй бүхий л хохирлыг тус сонин хууль дүрмийн хүрээнд хариуцна. Лионель Мессиг гутаан доромжлох гэсэн, түүний багтайгаа харилцах харьцаанд сэв суулгах гэсэн энэхүү доромжлолыг бид эсэргүүцэж, тоглогчийнхоо талд бат зогсоно гэдгээ мэдэгдэж байна” хэмээжээ.
Лионель Месси жилд багаасаа 72 сая еврогийн бонус хүртэх гэрээтэй. Үүнийг нь тодруулбал, улирлын тоглолтуудын 60-аас дээш хувьд нь оролцох, Аваргуудын лигт амжилт үзүүлэх, Ла лиг эсвэл Копа дел Рейд түрүүлэх, болон FIFA оны шилдэг хөлбөмбөгчин болсон тохиолдолд Мессид бонус цалин өгдөг байна. Харамсалтай нь, өнгөрсөн улирлын тааруу амжилтаасаа болж Месси бонус цалингаа бүрэн авч чадаагүй гэнэ. Мөн цар тахлын улмаас цалингийнхаа тодорхой хувийг хасч, багтаа санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.
Өдгөө 33 настай Лионель Мессигийн Барселона багтай байгуулсан дөрвөн жилийн 555 сая еврогийн энэхүү асар том гэрээ нь ирэх зургадугаар сарын 30-ны өдөр дуусгавар болно. Одоог хүртэл Месси багтайгаа гэрээгээ сунгах эсэхээ шийдээгүй хэвээр байгаа. Сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ улирлын төгсгөлд шийдвэрээ гаргана гэж ярьж байв.
Өнгөрсөн зун тэрбээр багаасаа явах хүсэлтэйгээ илэрхийлж байсан боловч Барселона багийн ерөнхийлөгч Хосеф Мариа Бартомеу ажлаа хүлээлгэн өгснөөр багтаа үлдсэн.
Барселона багийн шинэ ерөнхийлөгчийг тодруулах сонгуульт ажил ирэх гуравдугаар сарын 7-нд болох бөгөөд одоогоор Хоан Лапорта, Виктор Фонт, Тони Фрейха зэрэг эрхмүүд өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байна. Тэдний хэн нь ч багийн ерөнхийлөгч болсон эхний хийх алхам нь Мессиг багтаа үлдээх явдал юм. Гэвч одоогийн Барселона багийн санхүүгийн нөхцөл байдлыг авч үзвэл Лионель Месситэй дахин өндөр дүнтэй гэрээ хийх боломжгүй мэт харагдаж байна. Өнгөрөгч 2020 оны наймдугаар сарын Барселона багийн санхүүгийн тайлан мэдээг үзэхэд тус багийн өр 1.2 тэрбум евро болж өссөн үзүүлэлттэй гарчээ.
Барселона багийн хөгжөөн дэмжигчид өчигдөр Мессигийн гэрээг сонсоод хоёр хуваагдав. Нэг хэсэг нь "Мессигийн гэрээ бол зүгээр л тэнэглэл. Тэр гэрээ одоо Барсаг сүйтгэж байна. Багийн ерөнхийлөгч бидний мөнгөөр мөрийтэй тоглож байна. Ганц тоглогчид дэндүү их мөнгө зориулжээ. Хэрэв Месси Барсад хайртай л байсан юм бол ийм их мөнгөөр үлдэхгүй байсан. Дэлхийн аль ч спортын түүхэнд ийм өндөр дүнтэй гэрээ байсангүй" гэж байгаа бол нөгөө хэсэг нь "Месси бол Барселона. Барселона бол Месси. Мессиг энэ багт ирэхээс өмнө бид Ла лигт 16 удаа түрүүлж, Аваргуудын лигийн ганц цомтой байсан бол Мессигийн эрин үед бид Ла лигт дахин 10 удаа түрүүлж, Аваргуудын лигийн цомыг дахин дөрвөн удаа өргөж, FIFA клубуудын дэлхийн аваргад гурван удаа түрүүлсэн. Месси хүртэх ёстойгоо л хүртсэн" хэмээж байна.
Холбоотой мэдээ