"Эрдэнэт"-ийн захирал Х.Бадамсүрэн чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн үү?

Хуучирсан мэдээ: 2021.02.01-нд нийтлэгдсэн

"Эрдэнэт"-ийн захирал Х.Бадамсүрэн чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн үү?

"Эрдэнэт"-ийн захирал Х.Бадамсүрэн чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн үү?

“Эрдэнэт” үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэн өнгөрсөн оны есдүгээр сард ажлаа өгнө гэж байсан ч Ерөнхий сайд, Ерөнхийлөгчтэй “тохиролцож” ажилдаа үлдсэн ч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрохын өмнө өгчээ. Х.Бадамсүрэнгийн хувьд өндөр дүнтэй массажны суудал авсан, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг үйлдвэрээр төлүүлсэн, хагас тэрбумын үнэтэй автомашин авч унасан зэрэг мэдээлэл өнгөрөгч арваннэгдүгээр сард гарч, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх түүнийг чөлөөлнө хэмээж, МАН-ын бүлгээр ч түүнд хариуцлага тооцох асуудал яригдсан. Гэвч 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл түүнийг чөлөөлөхгүй байхаар улс төрийн хүрээнд тохироо хийгдсэн гэх яриа гарч, хариуцлага тооцолгүй, албан тушаалдаа үлдсэн.

Х.Бадамсүрэн өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн ч Засгийн газар огцорсон учраас түүний асуудал түр “хойшлогдож”, өргөдлөө эргүүлж татсан гэх мэдээлэл байна.

Х.БАДАМСҮРЭНГИЙН ОРОНД ХЭН ТОМИЛОГДОХ ВЭ?

“Эрдэнэт” үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэн дөрвөн жилийн өмнө томилогдож, 2019 онд дахин улиран томилогдож байсан юм. МАН эрх барьж байх хугацаанд Х.Бадамсүрэнг чөлөөлөх улс төрийн тохироо олон удаа өрнөсөн ч тэрбээр ажилдаа үлдсэн. Эрх баригч нам дотроос хэд хэдэн удаа Х.Бадамсүрэнг чөлөөлөх “ажиллагаа”-г явуулсан ч тэрбээр үлдэж чадсан нь намын дарга болоод Ерөнхийлөгчтэй “тохирсон” хэмээн улс төрийн хүрээнд яригддаг.

Тэгвэл одоо тус үйлдвэрийн дараагийн дарга хэн болох вэ гэдэг асуудал ч улс төрийн хүрээнд анхаарал татсан сэдэв болж, эрх баригч МАН дотор энэ сэнтийд залрах хүсэлтнүүд шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарыг тойглох болсон гэх.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар томилогдох магадлал хамгийн өндөр хүн бол Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн. У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар шинээр байгуулагдахад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Х.Хэрлэнг томилох тохироо яригдсан ч түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар томилохын тулд авч үлдсэн гэх мэдээлэл байна. Х.Хэрлэн нь У.Хүрэлсүхийн хүн гэгддэг бөгөөд одоогоор Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар ажиллаж байгаа бөгөөд тус үйлдвэрийн даргын суудал ганхах бүрт түүний нэр яригдсаар ирсэн. Харин энэ удаад эрх баригч намын дарга У.Хүрэлсүх Х.Хэрлэнд итгэл хүлээлгэж, “Эрдэнэт” үйлдвэрийг даалгах сурагтай.

Түүнээс гадна “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер Т.Батмөнх томилогдож магадгүй гэсэн мэдээлэл байна. Т.Батмөнхийн хувьд тус үйлдвэрт насаараа ажилласан, жинхэнэ мэргэжлийн хүн гэгддэг. Тэрбээр 1989 оноос хойш үйлдвэрт ажилласан, үйлдвэртээ бол тэр мэргэжлийн хүн.

Монголын саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт” үйлдвэрийн даргад горилогчид олон байгаа бөгөөд тус үйлдвэрийн Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Энхбат, Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа нар горилж байгаа гэнэ.

Гэхдээ “Эрдэнэт” үйлдвэрт үе үеийн засаг барьж байгаа нам хүнээ томилдог, ялангуяа намын дарга, Ерөнхий сайд нь өөрийн хүнээ тавьдаг “уламжлалтай” гэдгийг энд тодотгоё.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж