Улстөрчдийн үнэн, худлын завсарт иргэд хавчуулагджээ

Хуучирсан мэдээ: 2021.02.01-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Улстөрчдийн үнэн, худлын завсарт иргэд хавчуулагджээ

Улстөрчдийн үнэн, худлын завсарт иргэд хавчуулагджээ

Эрх баригч МАН-ын хоёр дахь Засгийн газар ажилдаа ороод гурав хонож байна.

Ердөө долоон сарын өмнө парламентын ээлжит сонгуулийн үнэмлэхүй ялалтын уухайн дунд ажлаа эхэлсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон.

Covid-19-ийн халдвар авсан нялх биетэй эх, нярай хоёртой хүнлэг бус харилцсанаас үүдсэн нийгмийн дургүйцлээс үүдэн ёс зүйн хариуцлага хүлээж байгаа гэж мэдэгдсэн ч Ерөнхийлөгч Х.Баттулга, огцорсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёрын чуулганы танхимд бие бидээ хаяглан хэлсэн үгнээс шалтгаан нь илүү гүнзгий бололтой.

Засгийн газрын огцрох үйл явцыг дагалдан улстөрчид ноцтой мэдэгдлүүд хийсэн. Сүүлийн жилүүдэд тун идэвхтэй хэрэглэгдэж байгаа хоёр заалт болох гүтгэх, худал мэдээлэл тараах гэмт хэргээр буруутгагдах хангалттай үндэслэл болохоор харагдаж байна. Хэрвээ хэн нэгэн иргэн эдгээр улстөрчийн эсрэг ийм мэдэгдэл хийсэн бол хоёр сая төгрөгөөр торгуулах ял авах нь бараг тодорхой тохиолдлууд байлаа.

Эдгээр ноцтой мэдэгдлүүдээс хамгийн их анхаарал татаж байгаа нь дараах мэдэгдлүүд юм:

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

-Тусгаар Монгол Улсыг эзэгнэн дарлах гэсэн тодорхой бүлэглэл, бүр тодорхой хэлбэл УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

-Ард түмний жагсаал цуглааныг далимдуулж, улс төрийн үйл ажиллагаа явагдсан. Миний итгэж, найдаж, хамтарч явсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмний тайвнаар илэрхийлсэн жагсаалыг улстөржүүлсэн.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Шударга бусын хонгилыг нураахын тулд Шүүхийн багц хуулийг энэ Засгийн газар хийлээ. Ерөнхийлөгчийн зүгээс шүүхийн тухай хуулиа тат гэдэг шахалтыг хууль санаачлагчийн хувьд надад тавьж байсан.

Төрийн ордны зүүн жигүүрийн гуравдугаар давхарт шүүгч хүн ирж, хэнд хэдэн жилийн ял оноох вэ гэж асуудаг байдлыг өөрчлөхийн тулд бид Шүүхийн тухай хууль, Авлигын эсрэг хуулиудаа батлуулсан.

Өчигдөр болсон жагсаал эхэн үедээ ард түмний үг хэлэх эрхээ эдлэх гэсэн жагсаал байсан. Харамсалтай нь, сүүлдээ энэ жагсаалыг үндэсний эв нэгдлийг хагалгах тодорхой үйлдлүүд гарсан. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэх үүргээ умартсан Ерөнхийлөгчид энэ УИХ импичмент үзүүлэх ёстой гэж үзэж байна.

Төрийн эргэлт хийж, ард иргэдийг үймээн самуунд турхирч, хэн нэгэнд ял оноохыг хуулиар биш эрх мэдэлтний заавраар хийж байгаа бол Монгол Улсад хууль хэрэгждэг үү, шударга ёс байна уу, төр эрх мэдэл хэний гарт байна вэ, хууль зөрчсөн хүнд хариуцлага тооцдоггүй юу гэсэн асуултууд зүй ёсоор урган гарна. Төрийн эрх мэдэлтнүүд нэг нэгнийхээ хууль зөрчиж байгааг мэдсээр ирсэн нь бүүр ноцтой. Гэм хийсэн л бол хууль хэнийг ч алагчлалгүй, гэм бурууг шүүх зарчим дээд шатандаа мөрдөгддөггүйг улстөрчид өөрсдөө илчиллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан өрөө байдаг Төрийн ордны гуравдугаар давхарт хэнд хэдэн жилийн ял оноохыг зааварладаг бол шүүх, хууль гэж байхын утга үгүй. Энэ үгний эзэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар шинэ Засгийн газарт улиран ажиллаж эхэлсэн бөгөөд шинээр томилогдсон сайдуудыг Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч захиас, сургааль айлдах үеэрээ Х.Нямбаатарын энэ мэдэгдэл гүтгэлэг учраас түүнийг шүүхэд өгөхөө мэдэгдсэн. Гэсэн ч УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй хуулийн заалттай. Тэгэхээр сайд Ерөнхийлөгч гүтгэсэн эсэхийг хэрхэн шүүн тогтоох нь сонирхол татаж байна.

Нөгөө талаар төрийн эргэлт хийсэн ноцтой хэрэгт буруутгагдаад байгаа УИХ-ын гишүүн Сү.Батболд мөн Ерөнхийлөгч өөрийг нь гүтгэсэн хэмээн мэдэгдсээр байгаа ч Ерөнхийлөгчийн эсрэг гомдол гарган шүүхэд нэхэмжлэл гаргана хэмээн хэлээгүй л байна.

Шинэ Засгийн газар томилогдох явцад ил болсон бас нэг зүйл нь Нью Йоркийн шүүх рүү Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс хэн нэгэн захидал бичиж, тэнд хэлэлцэгдэж байсан Оюутолгойн авлигын заргыг зогсоосон нь үнэн гэсэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдэгдэл байлаа. У.Хүрэлсүх Ерөнхий сайд огцрохынхоо өмнө энэхүү захидлыг явуулсан гэсэн таамаг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Хууль зүй, дотоод хэргийн сайдын чуулганы танхимд мэдэгдсэнээр үнэхээр хэн нэгэн захидал явуулж заргыг зогсоосон нь үнэн бөгөөд хэн болохыг тодруулахаар ажиллаж байгаа ажээ.

Хэрвээ хэн нэгэн жирийн иргэн ийм захидал явуулсан бол аль хэдийнэ ил болоод, нийгмээрээ “шонд өлгө” хэмээн хашгирч байх байсан биз.

Эрх мэдэлтнүүдийн үнэн, худал тогтоогддоггүй мөртлөө иргэдийн үнэн, худал амархан тогтоогддог гажиг тогтолцоог монголчууд хүсээгүй. Улстөрчдийн үнэн, худлын завсарт жирийн иргэд хавчуулагджээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж