НЭМЭЛТ: 21:00 ЦАГ
ОХУ-ын сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальныйг суллахыг шаардсан иргэдийн жагсаал хоёр дахь удаагаа олон хотод зөвшөөрөлгүй зохион байгуулагдаж, Москва хотод 100 гаруй, Алс Дорнодын хотуудад 260 гаруй хүн баривчлагдаад байна.
Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрөөр анх Москва хотын иргэд Пушкины талбайд цугларч, үзэл бодлоо илэрхийлснээр олон хот, тэр байтугай гадаад орнуудад Алексей Навальныйг дэмжигчид дуу хоолойгоо нэгтгэн жагссан билээ. Жагсаал цагдаа нартай мөргөлдсөнөөр өндөрлөсөн ч жагсагчид өнөөдөр дахин жагссан юм. Цагдаа нар жагсагчдын төлөвлөгөөг мэдэж байсан учир Кремлийн ойр хавь, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ)-ны төв байр, Пушкины талбай зэрэг газруудыг хааж, долоон метроны буудлын үйл ажиллагааг түр зогсоосон билээ.
Жагсагчид анх Лубянка барилга буюу ФСБ-ын төв байрны гадаа цугларахаар ярилцаж байсан ч боломжгүй болсон тул Красные Ворота, Сухаревская метроны буудлууд болон Навальныйн хоригдож буй Матросская Тишина цагдаагийн түр саатуулах байрны ойролцоо цугларсан аж. Цугласан олныг цагдаа нар тараахыг оролдож, эсэргүүцэл үзүүлсэн хүмүүсийг шууд баривчлан, цагдаагийн машинуудад ачсан байна.
Москвагийн хүний эрхийн мэргэжилтэн Татяна Потяевагийн хэлснээр, цагдаа нар 120-иод хүн баривчилсан аж. Харин баруунаас санхүүждэг NGO OVD эх сурвалжийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 14:00 цаг гэхэд хэдийнэ 300 хүн баривчлагдсан байсан гэнэ.
Москвагийн цагдаагийн газраас мэдээлж буйгаар, өнөөдрийн жагсаалд орон нутгийн цагаар 14:30 цаг гэхэд 2000 хүн ороцсон байна. Харин Навальныйн дэмжигчдийн мэдээлж буйгаар энэ тоо дор хаяж 2-3 дахин өндөр байх ёстой аж.
НАВАЛЬНЫЙГ ДЭМЖИГЧДИЙН ЖАГСААЛ ДАХИН ЭХЭЛЛЭЭ
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальныйг суллахыг шаардан ОХУ-ын хэд хэдэн хотод төдийгүй олон улсад олон мянган хүн жагсаж, үзэл бодлоо илэрхийлцгээсэн билээ. Жагсаалыг Оросын эрх баригчид хууль бус хэмээн үзэж, хүчээр тараан, Навальныйн эхнэр тэргүүтэй 4000 гаруй хүнийг баривчилсан юм. Мөн жагсаал тарсны дараа ч Навальныйн дүү гэх мэт хүмүүсийг цагдаа нар саатуулжээ. Навальныйг дэмжигчид бууж өгөлгүй, өнөөдөр (2021.1.31) дахин жагсахаа зарласан билээ.
Цагдаа нарын зүгээс жагсаал цуглаан хийхийг хууль бус хэмээн үзэж, шаардлагатай бол хүч хэрэглэн тараахаа удаа дараа мэдэгдсэн ч ард түмэн үл ойшоож байгаа юм. Тиймдээ ч нийслэл Москва хотод эрх баригчид өнөөдөр хүмүүсийн хөдөлгөөнийг нарийн ажиглан зохицуулж, метро, нийтийн тээвэр, зарим дэлгүүр, үйлчилгээний төвүүдийг албадан хаажээ.
Ийнхүү жагсаал цуглаан хийхээс сэргийлэн эрх баригчид арга хэмжээ авч, цагдаа нар сануулга өгч байгааг үл тоон зарим хотуудад жагсаал эхэлж, цагдаа нар хэдийнэ 260 орчим хүн баривчлаад байна. Харин Москва хотод эрх баригчид Пушкины талбай, ФСБ-ын удирдах байр, Кремль гэх мэт чухал газруудад хяналт тавин, хүмүүсийг цугларуулахгүйн тулд чадах бүхнээ хийж байгаа тул жагсаал бусад хотуудаас арай хоцорч эхлэх бололтой хэмээн ажиглагчид үзэж байгаа аж.
Эхний жагсаалууд ОХУ-ын Алс Дорнодын хэд хэдэн хотуудад эхэлсэн байна. Цахим орчинд цацагдаж буй зарим бичлэгүүдээс залуучууд голдуу хүмүүс цугларан, "Путин бол хулгайч" гэх мэтээр хашгиран, тойрон бүжиж, цагдаа нартай хөөцөлдөн, зарим нь баривчлагдаж, зодуулж байгаа нь харагдах аж.
Өнгөрсөн долоо хоногт болсон жагсаалын үеэр Навальныйн эхнэр Юлия баривчлагдаж, түүнээс хойш дүү Олег, идэвхтэн Мария Алёхина, хүний эрхийн талаар мэдээ бэлтгэдэг агентлагийн ерөнхий эрхлэгч Сергей Смирнов нарын хэд хэдэн хүнийг баривчилж, гэрийн хорионд байлгаж байгаа юм. Мөн жагсаалын үеэр баривлагдсан хүмүүсийг хорих шоронгийн камер Москвад хүрэлцэхгүй байгаа талаар зарим эх сурвалжууд мэдээлсэн билээ.
Navalny supporters gather for unsanctioned rally in #Moscow
Posted by RT on Sunday, January 31, 2021
Эх сурвалж: BBC, REUTERS, INSIDER, AL JAZEERA
Холбоотой мэдээ