"РИО-2016" олимпийн эрхийн төлөөх шийдвэрлэх тулаанд Б.Түвшинбат Филиппиний Эумир Марсиалыг гурван үеийн турш илүүрхэн/3-0/ хожлоо. Түүний хувьд өчигдөр Тайландын С.Ардеед 2:1-ээр харамсалтайгаар ялагдсан юм.
БНХАУ-ын Хэбэй мужийн Чань-Ань хотноо болж буй "Рио-2016" олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн бүсийн боксын тэмцээн маргааш өндөрлөнө. Тус тэмцээнд 40 гаруй орны 300 орчим ширэн бээлийтэн эрэгтэй 10, эмэгтэй гурван жинд өрсөлдөж байгаагаас манай улсаас таван тулаанч хагас шигшээд үлдсэн. Тодруулбал, эрэгтэй 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 54 кг-д Б.Чинзориг, 60 кг-д Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат, 75 кг-д Н.Шинэбаяр нар хүрэл медалийн болзол хангасан юм. Манай тамирчид өчигдрөөс олимпийн эрхийн шийдвэрлэх тулааныг хийж Б.Чинзориг, Д.Отгондалай нар өрсөлдөгчөө ялан финалд үлдэж, РИО-гийн эхний эрхүүдийг авсан. Тэгвэл өнөөдөр Г.Ган-Эрдэнэ, Б.Түвшинбат өрсөлдөгчөө хожин олимпийн эрх авсан бол Н.Шинэбаяр харамсалтайгаар ялагдлаа.
Боксын шигшээ багийнхан эрэгтэй, эмэгтэй 12 тамирчны бүрэлдэхүүнтэй урд хөршийг зорьсоноос Бразилийг зорих ДӨРВӨН тийзээ авлаа. Маргааш аваргын төлөө Б.Чинзориг, Д.Отгондалай нар өрсөлдөнө.
Эрэгтэйчүүдээс финалд үлдсэн нь олимпийн эрхээ шууд авч байгаа бол хүрэл медаль дээр буусан тамирчид дахин РИО-г зорих эрхийн төлөө тулалдаж байна.
Багийн бүрэлдэхүүнд боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч ОУХМ Д.Батсүрэн, ОУХМ Б.Эрдэнэбаяр, Монгол Улсын Ардын багш Д.Банди, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч "Алдар" спортын хорооны дасгалжуулагч А.Гантулга, гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа, Буянжаргал нар багтсан.
Мөн УИХ-ын гишүүн, Боксын холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ, БТСХТөвийн дарга, МУГД Д.Жаргалсайхан нарын албаны хүмүүс очин ажиллаж байна.
Ч.БОЛОР