Тойм: Засгийн “бужигнаан”, Ц.Нямдоржийн эргэн ирэлт

Хуучирсан мэдээ: 2021.01.31-нд нийтлэгдсэн

Тойм: Засгийн “бужигнаан”, Ц.Нямдоржийн эргэн ирэлт

Тойм: Засгийн “бужигнаан”, Ц.Нямдоржийн эргэн ирэлт

Дэлхий дахинд Covid-19 цар тахал эрчимтэй хүрээгээ тэлж, өнөөдөр (2021.01.31)-ийн байдлаар нийт 103 сая хүн вирусийн халдвар авч, 2,2 сая хүн нас барж, 74,7 сая хүн эдгэрээд байна. Монгол Улсын хувьд нийт халдварын тохиолдол 1779 болж, Covid-19-өөр өвчлөгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй юм.

Өдгөө нийслэлд 19 байршилд хөл хорио тогтоон, тандалт судалгааны ажил үргэлжилж байна. Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, тохижилт үйлчилгээний компанитай холбоотой голомт идэвхжиж, 20 хүн халдвар авчээ. Баянзүрх дүүргийн Х апартментын голомтоос 11 хүн өвчилсөн бол Сүхбаатар дүүргийн “GB plaza”-д байрлах банк бус санхүүгийн байгууллагын голомтоос сүүлийн 2-3 хоногт 24 тохиолдол бүртгэгдэв. Гутлын цехийн голомтоос 10 хүнээс халдвар илэрсэн гээд тоочвол халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдсээр байгаа юм. ЭМЯ-наас голомтын хүрээ тэлж, иргэдийн дунд хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн хүмүүс байхыг үгүйсгэсэнгүй.

Цар тахлын тохиолдол ойрын хавьтлаас гадна сайн дураар өгсөн шинжилгээнээс илэрч, нөхцөл байдал улам хүндэрч байгаад эмч, мэргэжилтнүүд санаа зовниж буйгаа илэрхийллээ. ЭМЯ-наас Улсын онцгой комисст хөл хорионы дэглэмээ чангаруулах санал хүргүүлсэн мэдээллийг эх сурвалж өгч байгаа ч өнөөдрийн байдлаар тодорхой шийдвэр гараагүй байна.

Энэ сарын 26-ны өдөр Улаанбаатар-Ховд чиглэлийн автобусаар зорчигчдоос Дарви сум дахь хяналтын постод тандалтын зорилгоор түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад хоёр хүний шинжилгээ эерэг гарсан. Энэ нь PCR шинжилгээгээр баталгаажиж, дахин хоёр хүнд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тул тус автобусны зорчигчдыг тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хот руу тээвэрлэж, эмнэлэгт тусгаарлаад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор 2021 оны нэгдүгээр сарын 27-ний өдрийн 00:00 цагаас хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоов.

ЭМЯ-наас иргэн бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг анхааруулсаар байна. Өвчлөл нэмэгдсэний зэрэгцээ улс төрийн амьдрал ч “бужигнаан” ихтэй өнгөрч буй энэ долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

Ц.НЯМДОРЖ ЭРГЭН ИРЛЭЭ

Энэ долоо хоногт У.Хүрэлсүхийн засгийн газар отгон хуралдаанаа хийлээ. С.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдож, тангаргаа өргөн, Гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг хамтран барилцах баг бүрэлдэхүүнээ танилцуулсан нь энэ долоо хоногийн гол онцлох үйл явдал байлаа.

Түүний “томилгоо” хүмүүсийн таамгийг эвдэв. Тэрбээр цар тахлын хүнд цаг үед Шадар сайдаар ажиллаж байсан Я.Содбаатарыг УИХ-ын гишүүн С.Амарсайханаар сольсон. Хамгийн хачирхалтай томилгоо нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаараа УИХ-ын гишүүн асан Ц.Нямдоржийг сонгосон явдал бөгөөд улс төрийн хүрээнийхэн болон иргэдэд тийм ч таатай мэдээлэл байсангүй. Зарим улс төрчид удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбон байр сууриа илэрхийлсэн бол зарим иргэд “хөгшин бурхи” хэрэггүй гэсэн өнцгөөр асуудалд хандаж байлаа.

Шинэхэн засгийн газрын бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Батлан хамгаалах яам Г.Сайханбаяр, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ендон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар улиран ажиллахаар болсон.

Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Н.Уртнасан, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Гадаад харилцааны сайдаар дэд сайд асан Б.Батцэцэг, Соёлын сайдаар Ч.Номин, Эрүүл мэндийн сайдаар Хоёрдугаар эмнэлгийн дарга асан С.Энхболд, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан сонгогдсон билээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын сайд нараа Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулж, тангараг өргүүлэн, захирамж гаргаснаар түүний Засгийн газар албан ёсоор үүрэгт ажилдаа оров. Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгчид Ерөнхий сайд сайд нараа танилцуулах зохицуулалттай. Ерөнхийлөгч шинэ сайд нартай уулзахдаа улс төржилгүйгээр хамтран ажиллахыг сануулав. Тухайлбал, тэрбээр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид хандан “Дөнгөж дөч гарч байгаа Ерөнхий сайдаа хамгаалж ажиллаарай. Бид одоо намчирхмааргүй байна. Ядуурал гаарч, дундаж давхарга гэж байхгүй боллоо. Таны нас, туршлагыг харвал энэ Засгийн газрын хамгийн том түшиц нь гэж харж байна” хэмээн хэлсэн. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт эхний алхмаа улс төржилтөөс эхэлвэл ажил чинь явахгүй хэмээн сануулаад, өөрийг нь гүтгэсэн тул шүүхэд өгөхөө мэдэгдсэн юм.

С.ГАНБААТАРЫН ӨЛСГӨЛӨН ОЮУТОЛГОЙН АЖЛЫН ХЭСЭГТ ОРОХ “ЗАЛЛАГА”-ААР ӨНДӨРЛӨВ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар нэгдүгээр сарын 25-ны өдөр МАН-ыг “Рио Тинто”-гийн барьцаанаас чөлөөлж, алдагдсан Оюутолгойгоо буцаан авахын тулд өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. Тэрбээр Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэх асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл өлсгөлөнгөө зогсоохгүй гэж мэдэгдсэн билээ.

Түүнийг “хэлсэн амандаа хүрч” нойтон өлсгөлөн зарласны дараа буюу 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар Сүхбаатарын талбай дээр очиж уулзав. Тэрбээр өмнөх нэхэмжлэлийг сэргээх болсныг дуулгаад, Оюутолгой төслийг сайжруулах ажлын хэсэгт албан ёсоор орж ажиллахыг хүссэнээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөнгөө зогсоов.

Н.ЭНХБАЯРЫН НЭХЭМЖЛЭЛИЙГ БҮХЭЛД НЬ ХЭРЭГССЭНГҮЙ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Н.Энхбаярын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газар, тус газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанд холбогдох хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

Улмаар маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

Нэхэмжлэгч Н.Энхбаяр нь Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 98 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах, Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 8/1921 дугаар, 2020 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 8/1967 дугаар лавлагаануудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгож, мэдээллийн санд бүртгэгдсэн байдлаар лавлагаа олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж