Дятловын багийнхан цас нурснаас болж нас барсан хэмээн үзэв

Хуучирсан мэдээ: 2021.01.31-нд нийтлэгдсэн

Дятловын багийнхан цас нурснаас болж нас барсан хэмээн үзэв

Дятловын багийнхан цас нурснаас болж нас барсан хэмээн үзэв

Зөвлөлт Холбоот Улсын Игорь Дятлов ахлагчтай есөн залуу уулчин 1959 онд умард Уралын нуруунд учир битүүлгээр бүгд амиа алдсан хачирхалтай хэрэг гарч байсан билээ. Эмгэнэлт явдлын шалтгааныг тайлбарлах гэсэн маш олон таамаг байдаг ч эрдэмтэд цасан нурангитай холбоотой таамгийг баталсан талаараа шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлжээ.

Дятловын давааны эмгэнэлт явдал гэдгээрээ олонд танил болсон тус явдлын шалтгаан нь жижиг хэмжээний цасан нуранги хэмээн Nature сэтгүүлд хэвлэгдсэн тайланд дурджээ. Гэвч өмнө нь аврагчид хэргийн газарт цасан нуранги үүссэн ул мөр байгаагүй хэмээн мэдээлснээр уг таамаг няцаагдаж байсан юм. Тэгээд ч цаначдын буудалласан газар цасан нуранги үүсэхээр хэмжээний налуу бишээс гадна нас барагсдын гэмтэл цасан нурангид дарагдсан хохирогчдынхоос өөр байсан тул тус таамагт хүмүүс итгээгүй аж.

Болсон явдлыг эргэн санавал уулын цаначин залуус зэрэг ахиулах зорилгоор умард Уралын нуруунд авирчээ. Тэд замдаа Холят Сяхл буюу баруун Сибирийн уугуул манси хэлээр “Үхлийн уул” нэртэй газарт майхнаа босгож хоноглосон байна. Гэвч түүнээс цааш чухам юу болсон нь одоо ч нууц хэвээр байгаа аж. Уулчдаас сураг тасраад 26 орчим хонож байхад аврагчдын баг ойролцоох ойгоос майхан болон уулчдын цогцсыг олсон гэдэг.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр уулчдын үхлийн шалтгаан хэт хүйтэн цаг агаараас үүдсэн осголт хэмээн тогтоосон ч цогцсуудын хачирхалтай гэмтлүүд эрх баригчдыг эргэлзүүлж байжээ. Тухайлбал, дөрвөн уулчны гавал няцарсан, заримынх нь нүд, хэл алга болсон, нэг уулчны хүзүү бүтэн мушгирсан байж.

Түүнээс гадна уулчдын хувцаснаас цацраг идэвхт бодис илэрсэн, бүгд нүцгэн шахуу маш хол зайд нас барсан байсан зэргээс шалтгаалан хүмүүс харь гариг, шулмын хорлол, араатан, алмас, зэвсгийн туршилт зэрэг олон янзын таамаг дэвшүүлэх болсон байна. Түүнчлэн тус уулын дээгүүр заримдаа нууцлаг шар гэрлүүд үзэгддэг талаар нутгийн хөгшчүүл ярьдаг нь бүр ч эргэлзээ төрүүлэх шалтгаан болсон юм.

Тухайн үедээ ЗХУ-ын мөрдөн байцаагчид уулчдыг байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж амиа алдсан хэмээн дүгнэж байсан аж. Гэвч 2019 онд тус хэргийг дахин шалгах болсон талаараа ОХУ-ын Прокурорын газар мэдэгдэж байсан билээ.

Хамгийн сүүлд хэвлэгдсэн дээрх тайланд эрдэмтэд хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж тэрхэн хавьд жижиг цасан нуранги болж, уулчдын майхан дээрээс дарсаныг тайлбарлажээ.

Нэгдүгээрт, майхны байрлал маш эгзэгтэй газарт байсан аж. Уулчид салхинаас хоргодохын тулд жижиг хадан цохионы нөмөрт майхнаа босгожээ. Хоёрдугаарт, уулчид майхнаа босгохын тулд ойр хавийн цасыг цэвэрлэж, доргиож, төдийг хүртэл тогтож байсан цасыг тогтворгүй болгосон байна.

Эрдэмтдийн тооцоолсноор, тус цохио орчмын салхины хурд зэргийг харгалзан үзвэл майхан боссоноос 7.5-13.5 цагийн дараа цохио дээрх цас нуржээ. Энэ нь уулчдын нас барсан цагтай таарч байгаа юм. Судалгааны багийн эрдэмтэн Александер Пузрины хэлснээр нуранги маш жижиг хүрээнд буюу 5 метр орчим зайд үүсчээ. Тиймдээ ч аврагчдыг очиход хэргийн газарт нуранги болсон тодорхой ул мөр ажиглагдаагүй байж болох бөгөөд тэр хэмжээний цас унтаж буй хүний дээрээс буухдаа хавирга хугалах, гавал цуулах зэрэг гэмтэл учруулах боломжтой аж.

Эх сурвалж: NATURE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж