БНХАУ-ын үндэсний цөмийн корпораци өчигдөр (2021.1.30) хамгийн анхны "Хуалун 1" буюу гуравдугаар үеийн даралтат усан реактороо албан ёсоор ажиллуулж эхэлснээ зарлажээ. Цөмийн реактор Хятадын зүүн өмнөд хэсгийн Фужиан мужийн Фучин хотод байрлаж байгаа аж. Реакторыг таван жил гаруй хугацаанд бүтээж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-нд бэлэн болгосон байна.
Үндэсний цөмийн корпораци Хятадын цахим сүлжээний WeChat платформоор дамжуулан мэдээлэхдээ “Ийнхүү Хятад улс АНУ, Франц, ОХУ зэрэг гүрнүүдийн адил өөрсдийн гэсэн гуравдугаар үеийн цөмийн эрчим хүчний технологийг бүрэн эзэмшиж, бүтээж, өөрийн болгож чадлаа” хэмээн ярьжээ.
"Хуалун 1" реакторууд цаашид олноор үйлдвэрлэгдэх бөгөөд нэг реактор 60 жилийн турш жил бүр 1.161 сая киловатт эрчим хүч үйлдвэрлэх чадалтай аж.
Хоёр дахь "Хуалун 1" реакторыг энэ жилдээ багтаан бүтээж дуусгахаар төлөвлөжээ. Мөн үндэсний цөмийн корпорацийн мэдээлснээр, энэхүү бүтээн байгуулалт нь Хятад улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахаас гадна байгальд ээлтэй орон болоход тустай аж.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ