Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.01.31/ мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Өчигдөр нийт 11202 хэдэн хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 37 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр халдвар нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлуудын давтан шинжилгээ, шинээр илэрсэн хавьтлын шинжилгээнүүд, шинжилгээний цэгүүдээр сайн дураараа шинжилгээ өгсөн хүмүүсээс илэрсэн. Улаанбаатар хотод Covid-19-ийн батлагдсан тохиолдол 945, улсын хэмжээнд 1779 боллоо. ХӨСҮТ-ээс 22 хүн эдгэрч, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг рүү шилжсэн. Эмчлэгдэж байгаа 433 хүнээс биеийн байдал хөнгөн 366, хүндэвтэр 65, хүнд 1, маш хүнд 1 хүн байна. Нийслэлд халдварын голомт нэмэгдэх хандлагатай байна. 2020 оны арваннэгдүгээр сараас хойш нийт 28 халдварын голомт үүссэн. Үүнээс маш том цар хүрээний есөн голомт хумигдсан бол одоогоор 7 голомт идэвхжил нь буурсан боловч үргэлжлэн 1-2 тохиолдол гарч байна. 2021 оны нэгдүгээр сарын 25-наас хойш үүссэн 13 том голомт идэвхтэй байна.
Тохижилт үйлчилгээний компанитай холбоотой голомт идэвхтэй үргэлжилж байна. Энэ голомтоос 20 хүн халдвар авсан. Баянзүрх дүүргийн "Х апартмент"-ын СӨХ-тэй холбоотой халдварын голомтоос 11 хүн өвчилсөн. Сүхбаатар дүүргийн GB plaza-д байрладаг банк бус санхүүгийн байгууллагын голомт маш идэвхтэй байна. Эндээс сүүлийн 2-3 хоногт 24 тохиолдол бүртгэгдсэн. Гутлын цехтэй холбоотой голомтоос 10 хүнээс халдвар илэрсэн.
Баянзүрх дүүргийн 26-р хороо, Баянгол дүүргийн 12-р хороо, Баянзүрх дүүргийн 5 хорооны 6-р байрны голомтууд идэвхтэй үргэлжилж байна. Тус байрнаас 40 гаруй тохиолдол батлагдсан. “Mixx” пиццатай холбоотой голомтоос 15 хүн халдвар авсан. Хүүхдийн асрамжийн газарт голомт үүсч, гурван багш хоёр, хүүхэд өвдсөн. Үлдсэн 6 хүүхэд тусгаарлагдсан. Энэ мэт голомтууд идэвхтэй үргэлжилж байна. Голомтын хүрээ тэлж, иргэдийн дунд хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Дорноговь аймгийн тухайд нийслэлээс халдвар зөөвөрлөгдөн очсон учраас ХӨСҮТ-д тухайн хүнийг эмчилнэ. Хамт явсан хавьтал болсон 20 гаруй хүнээс халдвар илрээгүй.
Мөн өчигдөр нэгдүгээр төрөх буюу "Өргөө" амаржих газарт жирэмсэн эмэгтэй PCR шинжилгээ өгсөн ч хариу нь гарч амжаагүй байхад өвдөж төрсөн. Шинжилгээний хариу гарч, тухайн ээж халдвартай болох нь тогтоогдсон. Тухайн эх, нярайг "Өргөө" амаржих газарт тусгаарласан. Хийсвэр хагалгаагаар төрсөн учраас өвчтөний биеийн байдлыг тогтворжихыг харж байна. Хавьтал болсон хүмүүсийг мөн тусгаарласан. Эмчилгээ үргэлжилж байна. Гэр бүлийнх нь 3 хүнийг тусгаарласан. Өчигдөр 100 гаруй ойрын хавьтал тусгаарлалтаас гарсан. Өнөөдрийн байдлаар тусгаарлалтад 956, ойрын хавьтал, хоёрдогч хавьтал болох 5639 хүн байна. Нэгдүгээр сарын 24-нд хийгдсэн эрсдэлийн үнэлгээгээр нийслэл хотод халдвар тархах магадлал маш өндөр гэж гарсан. Өнөөдөр мөн салбар хоорондын байгууллагууд эрсдэлийн үнэлгээ хийнэ. Сүүлийн өдрүүдэд нөхцөл байдал улам хүндэрч байна.
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Saturday, January 30, 2021
Холбоотой мэдээ