Зоосон мөнгө гүйлгээнд бий

Хуучирсан мэдээ: 2016.04.01-нд нийтлэгдсэн

Зоосон мөнгө гүйлгээнд бий

Монголчууд анх 1994 онд 20, 50, 200 төгрөгийн зоосон мөнгийг гаргаж байсан гэдэг. Харин хамгийн сүүлд 2001 онд 500 төгрөгийн зоосыг гаргаж байжээ. Нэг хэсэг зоосон мөнгөөр гүйлгээ хийж, эргэлтэд оруулдаг байсан ч өнөөдөр ийм боломжгүй болсон билээ. Гэсэн хэдий ч зоосон мөнгө өнөөдөр ч гэсэн албан ёсоор гүйлгээнд байдаг талаар Зоос судлалын холбооноос мэдээллээ.

Өгэдэй хааны мэндэлсний 830 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр “Өгэдэй”  мөнгөн зоосыг олонд танилцуулан, худалдаанд гаргасан юм. Хубилай хааны ойд зориулсан зоосыг өнгөрсөн жил гаргасан бол энэ удаад Өгэдэй хааны мөнгөн зоосыг олонд танилцууллаа. Уг зоос нь 925-ын сорьцтой, 2500 ширхэг цугтгажээ. Нэрлэсэн үнэ 10 мянга, харин зах зээлд 125 мянган төгрөгөөр худалдаанд гаргаж байна. өнөөдрөөс дотоодын болон олон улсын зах зээлд худалдаанд гаргаж байгаа юм.

“Өгэдэй” мөнгөн зоос нь энэ оны анхны зоос юм байна. Үүнээс өмнө 2015 онд Хубилай хааны ойд зориулсан зоосыг 2500 ширхэг гаргасан нь зах зээлд гараад дуусжээ. Мөн өнгөрсөн жил ялалтын ой, Занабазарын нэрэмжит, гурван сая дахь иргэнд зориулсан гээд тоотой хэдэн дурсгалын зоос гарсан байна. Гурван сая дахь иргэнд зориулсан зоос зах зээлд гарсан даруйдаа зоос цуглуулагчдын анхаарлыг татжээ. Мөн олон улсын зах зээлд ч эрэлттэй байсан байна.

Ер нь Монгол Улс тухайн жилийн амьтан, тэмдэглэлт ой, түүхэн хааны мэндэлсэн өдөр, онцлог үйл явдал, соёл урлаг, спортынхны амжилтад зориулсан дурсгалын мөнгөн зоос гаргадаг. Олон улсын зоос цуглуулагч Ж.Бэхболдын хувьд л гэхэд олимпийн аварга Н.Түвшинбаяр, Сэрдамба нарт зориулсан дурсгалын мөнгөн зоос дурсгалын 100 гаруй, гадаадын 3000 гаруй зоосыг цуглуулжээ.

Мөн Монгол Улсад үйлдвэрлэсэн дурсгалын зоос “Дэлхийн шилдэг зоос”-ны жагсаалтад олон удаа багтаж байжээ. энэ үзэсгэлэнд дэлхийн шилдэг зоосны жагсаалтад багтсан, шагнал хүртсэн 10 орчим зоос багтсан байна. тухайлбал, олон улсын үзэсгэлэнгээс олон удаагийн шагнал авсан чонын дүрс бий зоос юм.

Мөн Илбэнх гэх амьтны дүртэй, сваровски шигтгэсэн мөнгөн зоосыг 2007 онд гаргасан нь Дэлхийн шилдэг 10 мөнгөн зоосны нэгээр шалгарчээ. Мөн шар шувууны дүртэй зоос үйлдвэрлэсэн нь олон улсын үзэсгэлэнгээс шилдэг зоосныг шагнал авсан байна. 2015 онд Дунгийн дүрс бүхий зоосыг гаргасан нь АНУ-ын зах зээлд эрэлттэй зоосны нэг болжээ. ер нь мөнгөн зоосыг дотоодын зах зээлд 125 мянган төгрөг, харин олон улсын зах зээлд 200-300 ам.доллараар үнэлэгддэг юм байна.

Б.ЗАЯА, Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж