НЭМЭЛТ: 19.00
Улсын онцгой комисс хуралдаж, дуусчээ. Сovid-19 цар тахлын нөхцөл байдал, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын хичээл эхлүүлэх болон бусад асуудлыг хэлэлцэв. Хичээл эхлэхтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам цар тахал болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан төлөв, өвөлжилт хүндэрсэн аймаг, сум болон отроор яваа малчин өрхийн мэдээлэл зэргийг нэгтгэн судалгаа хийсэн байна. Судалгаанаас үзэхэд томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэг улсын хэмжээнд 2,4 хувьтай. Он гарсаар цэцэрлэг, сургуулийн насны 9,400 орчим хүүхэд эмнэлэгт ханджээ. 2-4 дүгээр сард найман аймагт олон жилийн дунджаас ахиу цас орох хэдий ч нийт нутгаар хүйтний эрч өмнөх жилүүдийн түвшинд байна. Отроор болон өвөлжилт хүндэрсэн нутагт өвөлжиж байгаа 26 мянга гаруй өрхөд цэцэрлэг, сургуулийн насны 20 орчим мянган хүүхэд байна.
Энэ бүхнийг харгалзан хичээлийг 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс нэг сарын хугацаанд теле болон цахимаар явуулахыг Улсын онцгой комисс дэмжив. Салбарын яам гуравдугаар сарын нэгнээс нийслэлийн бага ангийн сурагчид танхимд, дунд, ахлах ангийнхан хосолсон хэлбэрээр хичээллэх санал, хувилбар дэвшүүллээ. Бүх шатанд бэлтгэлээ бүрэн хангасны дараа тухайн үед нь дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Covid-19 цар тахалтай тэмцэх хүрээнд иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх бодлого хамт хэрэгжих ёстой. Иймээс энэ чиглэлээр цогц төлөвлөгөө гаргаж Засгийн газрын хуралдаанаар батлуулахаа Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан хэлэв. Мөн хилийн чинадад байгаа иргэдээ аль болох богино хугацаанд авчрах, гадаадын агаарын тээврийн компаниудыг ашиглах талаар Засгийн газарт танилцуулж шийдвэр гаргуулахаар төлөвлөсөн байна. Улсын онцгой комиссын энэ удаагийн хурлаар Цагаан сарын баярын үеэр хөл хорио тогтоох эсэх талаар хэлэлцээгүй гэв.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ БАЙНА
НЭМЭЛТ:
Улсын онцгой комиссын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар орон нутгийн Онцгой комиссын дарга нартай өргөтгөсөн цахимаар хуралдаж байгаа юм байна. Сар шинийн өмнө хөл хорио тогтоох эсэх, сургууль, цэцэрлэгүүдийн танхимын сургалтыг эхлүүлэх эсэх зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАНА
Улсын онцгой комисс өнөөдөр /2021.01.30/ 14:00 цагт хуралдахаар товложээ. Онцгой комиссын дарга, Шадар сайдаар С.Амарсайхан өчигдөр томилогдож, үүрэгт ажилдаа ороод байгаа бөгөөд түүний толгойлсон Улсын онцгой комиссын анхны хуралдаан юм.
Улсын онцгой комиссын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр товложээ.
- 1. Улсын онцгой комиссын үйл ажиллагааны талаар
- 2. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн хоёрдугаар хагасын хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх талаар
- 3. Өвөлжилтийн нөхцөл байдлын талаар
- 4. Газар хөдлөлтийн нөхцөл байдлын талаар
- 5. Бусад гэсэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Сүүлийн өдрүүдэд халдварын тоо нэмэгдэж, эх үүсвэр тодорхойгүй иргэдийн дундаас халдвар илэрч байгааг Эрүүл мэндийн яамнаас анхааруулсан бөгөөд өчигдөр гэхэд 32 хүнээс халдвар илэрсэн юм.
Холбоотой мэдээ