Хүн амын дунд covid-19 халдвар шинж тэмдэггүй байх магадлалтайг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхаарууллаа. Сүүлийн үед батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас гадна сайн дураараа covid-19 илрүүлэх шинжилгээ өгсөн хүмүүсийн дунд батлагдсан тохиолдол бүртгэгдэх болжээ. Энэ нь хүн амын дунд өвчлөл хөнгөн балархай хэлбэрээр байгаа нэг үзүүлэлт аж. Мөн асрамжийн газрын хоёр хүүхэд covid-19 халдварт өртсөн тул багшийг нь болон хамт байдаг хүүхдүүдийг тусгаарлажээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн хэлснээр Банк бус санхүүгийн байгууллагын ажилтны халдвар авч, асрамжийн газар ажилладаг эгч нь түүнээс халдвар авчээ. Улмаар асрамжийн газрын хоёр хүүхэд халдварт өртсөн аж. Энэ тухай тэрбээр “Банк бус санхүүгийн байгууллагын ажилтан эгчдээ халдвар тарааж, асрамжийн төвийн хүүхдүүд эгчээс нь халдвар авсан гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан тухайн хүүхдүүдийг болон багшийг нь ажиглан тусгаарлах байранд тандаж байна. Иймд халдвар хаана ч хэнийг ч өвчлүүлэх эрсдэл байна. Тиймээс хамт олны дунд эх уурхайгүй халдвар гарах эрсдэл байна гэдгийг анхааруулъя” гэлээ.
ХӨСҮТ-ийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар "X апартмент"-д бүртгэгдсэн covid-19 халдварын нийт тохиолдлын тоо 14 болсон байна. Мөн Мixx pizza газрын хүргэлтийн ажилтан өвдсөнтэй холбоотой ажилтан болон гэр бүлийн нийт батлагдсан тохиолдол 11 болжээ. Мөн Наркологийн эмнэлэгт батлагдсан тохиолдлын гэр бүлтэй холбоотой тохиолдол 7 болжээ. Үүнээс гадна БГД-ын 12 дугаар хорооны 19 дүгээр байрны халдварын голомт тасрахгүй үргэлжилж байгааг анхааруулав.
Б.ЦЭЦЭГ