Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.01.30/ мэдээлэл хийлээ.
"ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГТ ШИНЖИЛГЭЭ ӨГСӨН ХҮМҮҮСЭЭС ЭХ ҮҮСВЭР ТОДОРХОЙГҮЙ4 ХҮНЭЭС COVID-19 ИЛЭРЧЭЭ"
Өчигдөр /2021.01.29/ нийт 14495 сорьцод шинжилгээ хийхэд 32 хүнээс covid-19 илэрчээ. Шинээр бүртгэгдсэн 32 тохиолдол нь Улаанбаатарт бүртгэгджээ. Эдгээр тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох тусгаарлагдаж буй хүмүүсийн давтан шинжилгээ болон сүүлийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын шинжилгээнээс илэрчээ. Мөн "Интермед" эмнэлэгт сайн дураар шинжилгээ өгсөн дөрвөн хүнээс халдвар илэрчээ. Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 908 боллоо. Харин орон нутагт өвчлөл бүртгэгдээгүй байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Өчигдөр "Интермед" эмнэлэгт сайн дураар шинжилгээ өгсөн дөрвөн хүний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарч, PCR шинжилгээгээр батлагджээ. "Интермед" эмнэлгээр өчигдөр үйлчлүүлсэн иргэний онош батлагдаж, ХӨСҮТ рүү зөөвөрлөгдсөн. Биеийн байдал нь маш хүнд байна. Энэ хүн зохиомол амьсгалын аппараттай, эмчлүүлж байна. Тухайн иргэн гэртээ халдвараа хүндрүүлсэн байна. Эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал нь эрс хүндэрсэн өвчтөн байна. Шинээр илэрсэн тохиолдлуудын тандалт судалгаа, халдварын эх уурхайг тандах судлах ажил үргэлжилж байна. Дорноговь аймагт нийслэлээс замын ажил хийхээр очсон хүний шинжилгээний хариу түргэвчилсэн оношлуураар эерэг гарчээ. Баталгаажуулах сорьцыг нийслэлд илгээсэн. Улсын хэмжээнд дотоодын халдвар 1234 бүртгэгдсэн байна. ХӨСҮТ-өөс Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 22 хүнийг шилжүүлсэн.
БАТЛАГДСАН ТОХИОЛДЛУУДЫН 75.8 ХУВЬ НЬ ЭДГЭЖЭЭ
ХӨСҮТ-өөс 18 хүн эдгэрч, өчигдөр гэртээ гарчээ. Улсын хэмжээнд covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 1742. Үүнээс 1234 нь дотоодод бүртгэгдээд байна. Батлагдсан тохиолдлуудын 1321 буюу 75.8 хувь нь эдгэжээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нийт 408 хүн эмчлүүлж байна.Биеийн байдлыг авч үзвэл,
- Маш хүнд-1
- Хүнд-1
- Хүндэвтэр-53
- Хөнгөн 353 хүн тус тус эмчлүүлж байгаа аж.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 157, Цэргийн төв эмнэлэгт 117, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 120, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 4 /хүнд 1, хүндэвтэр 3/, Хавдар судлалын үндэсний төвд 2/хүндэвтэр/ тус тус эмчлүүлж байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 1000 орчим хүн байгаа бол хоёрдогч хавьтал 6000 орчим хүн байна. Батлагдсан тохиолдол болон хавьтлуудын тоо нэмэгдэх бүрт халдварт өртөх эрсдэл өндөр байгааг ХӨСҮТ-өөс мэдээлэв.
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Friday, January 29, 2021
Б.ЦЭЦЭГ