Тайванийн тусгаар тогтнолыг эрэлхийлсэн аливаа оролдлого нь дайн зарлаж байгаагаас өөрцгүй гэж Хятадын тал анхааруулжээ. Энэ нь Хятад улс цэргийн ажиллагаагаа идэвхжүүлж, Тайванийн арлын ойролцоо байлдааны онгоцуудаа нисгэснээс хэд хоногийн дараа өгч буй анхааруулга юм. Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жо Байден Тайванийг дэмжинэ гэдгээ мэдэгдсэн.
Хятадын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Ву Цянь “Тайванийн хоолойн ойролцоох цэргийн ажиллагаа нь тус бүс дэх аюулгүй байдлыг хянах, үндэсний бүрэн эрхт байдал, аюулгүй байдлыг хангахын тулд авсан арга хэмжээ юм. Мөн Тайванийн тусгаар тогтнолыг дэмжиж буй гаднын хүчний оролцоо, өдөөн хатгалгын эсрэг хариу арга хэмжээ байсан. Галаар тоглодог хүмүүс өөрсдийгөө шатаах болно” хэмээн мэдэгджээ.
Үүний дараа АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албаны дарга Жон Кирби “Хятадын талын мэдэгдэл үнэхээр харамсалтай мэдэгдэл байлаа. Манай улсын Тайваньтай холбоотой байр суурь сөргөлдөөнд хүргэх ямар ч шалтгаан байхгүй” гэж мэдэгдсэн байна.
АНУ-ын шинэ засаг захиргаа хоёр гүрний хоорондын харилцаа тааруу байгаа энэ үед хүний эрх, худалдааны маргаан, Хонконг, Тайваньтай хоблоотой олон асуудлаар Хятадад шахалтаа үргэлжлүүлэх төлөвтэй байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Тайванийн засаг захиргаа өөрсдийн тусгаар тогтнолоо албан ёсоор тунхаглах чиглэлд шаргуу ажиллаж байгаад Бээжин улам их түгшиж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ