Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт болсон жагсаалыг Монгол Улсын Ерөнхийлөгч зохион байгуулалттайгаар өдөөн хатгасан, санхүүжүүлсэн баримттай мэдээлнэ, шүүгч нар Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхраас ирж, хэнд ямар ял өгөх вэ гэж асуудал ийм байдалтай болсон хэмээн чуулганы индер дээрээс хэлэв. Тэрхүү жагсаалаас хойш Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорч, Х.Нямбаатар сайд шинэ Засгийн газарт улиран ажиллахаар болсон.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ сайд нарыг хүлээн авч уулзах үеэрээ Хууль зүй, дотоод хэргийн сайдыг хэт улстөржиж, асуудалд хандсан учраас шүүхэд өгнө гэдгээ мэдэгдэв. Ерөнхийлөгч Х.Баттулга “Хууль зүйн сайд яагаад улстөржөөд байна вэ, яагаад Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын чуулганы танхимаас худлаа гүтгээд байна вэ. Үүнийгээ тайлбарлах ёстой шүү. Би өөрийг чинь шүүхэд өгнө. Би яахаараа Төрийн ордны 3 давхраас хүмүүст ял өгөөд сууж байдаг юм бэ. Хууль зүйн сайд ийм юм ярьж болохгүй. Чи Монгол Улсын Хууль зүйн сайд болохоос биш Монгол Ардын намын Хууль зүйн сайд биш” хэмээн анхааруулав.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ