Тариаланчдын шатахууныг татвараас чөлөөлөх үү?

Хуучирсан мэдээ: 2016.04.01-нд нийтлэгдсэн

Тариаланчдын шатахууныг татвараас чөлөөлөх үү?

Үр тариагаа суулгаж, тариалалтаа эхлэх цаг нь болоод байхад  буудайныхаа үр, бордоог авах мөнгөгүй байна. Иймээс Засгийн газар яаралтай тариаланчдад санхүүгийн дэмжлэг үзүүл гэсэн шаардлагыг Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалангийн холбооноос тавьсан. Тэгвэл Хүнс, Хөдөө аж ахуйн яам өнөөдөр /2016.04.01/ сэтгүүлчдэд мэдээлэл хийж,  Хөгжлийн банкны эх үүсвэрээр 100 тэрбум төгрөгийн зээлийг хоёр жилийн хугацаатайгаар олгох байсан ч одоогоор 25 тэрбум төгрөгийн хөрөнгө босгоод байна. Эхний ээлжид энэхүү мөнгийг тариалалтаа эхлэхэд санхүү шаардлагатай буй тариаланчдад талбайн хэмжээг нь харгалзаж хуваан олгохоор болсон байна. Үлдсэн 75 тэрбум төгрөгийг босгох хөрөнгийг Хөгжлийн банктай тус яам хамтран шийдэж, үе шаттайгаар тариаланчдад зээлнэ гэж Ц.Болорчулуун дарга мэдэгдлээ. Энэхүү зээлийн хүү нь 12.5 хувь. Гэхдээ зээл авсан тариаланчдыг эхний найман сар үндсэн төлбөрөөс нь чөлөөлөх юм.

Хөгжлийн банкны энэхүү зээлийг авах хүсэлтэй аж ахуйн нэгж иргэд эхлээд Хүнс, хөдөө аж ахуйн яамд шаардагдах бичиг баримтын хамтаар зээл авах өргөдлөө өгнө. Дараа нь салбар яамнаас нь Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банкуудад иргэдийн хүсэлтийг дамжуулж, зээлийг шийдвэрлэх юм.  Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас тариан талбайн хэмжээгээс нь хамаарч нэг га-д 350 мянган төгрөг хүртэлх мөнгийг зээлнэ гэж тооцжээ. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 400 гаруй тонн, нэг тонн нь 400 мянган төгрөг болж хямдарсан бордоог тариаланчдаас 300 мянган төгрөгийн урьдчилгаа авч, зээлүүлэх юм. Одоогоор 20 гаруй тариаланч аж ахуйн нэгж, иргэн дээрх хөнгөлөлттэй нөхцөлөөр бордоо авна гэж захиалжээ.

Салбарын яамдаа бүртгэлтэй 1400 орчим тариаланч аж, ахуйн нэгж, иргэн байна. Эдгээр тариаланч энэ хавар тариагаа тарихад 20 мянган тонн шатахуун шаардлагатай. Иймээс Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас тариаланчдад нийлүүлэх шатахууныг онцгой албан татвараас чөлөөлж өгөх хүсэлтийг Засгийн газарт тавьжээ. Хэрэв Засгийн газар дээрх хэмжээний шатахууны татвар буюу тонн шатахуун тутамд ноогдох 520 мянган төгрөгийг чөлөөлбөл тариаланчдад нэг литр шатахуун 1000 төгрөгөөр нийлүүлэх боломжтой болох юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж