Зөвлөлтийн үеийн хөшөө дурсгалыг нураана

Хуучирсан мэдээ: 2016.04.01-нд нийтлэгдсэн

Зөвлөлтийн үеийн хөшөө дурсгалыг нураана

 

Польш улс Зөвлөлтийн үеийн 500 орчим хөшөө, дурсгалуудыг нураах гэж буй талаар Үндэсний өв, дурсгалын институтийн тэргүүн Лукаш Камински мэдэгдлээ.  Үндэстний эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгадаг тус институт Зөвлөлтийн үеийн хөшөө дурсгалуудыг нураах төлөвлөгөөгөө эрх баригчдад удахгүй танилцуулах ажээ.  Үндэсний өв, дурсгалын институтын тэргүүн Лукаш Камински “Тэр хөшөө, баримлуудыг 1990-ээд оны үед л нураах байсан юм. Өдий хүртэл хэвээр нь хадгалж байгаа нь том алдаа болсон” хэмээн ярьсан байна.

 

Лукаш Каминскийн хэлж буйгаар Зөвлөлтийн үеийн хөшөө, баримлуудыг буулгаж, өнгөрсөн үеийн алдаа, дутагдлыг сануулж байхын тулд музейд тавих гэнэ. Гэхдээ тэд Польш дах Зөвлөлтийн нэр нь үл мэдэгдэх цэргүүдийн хөшөө дурсгалыг хөндөхгүй, хэвээр нь үлдээж, арчиж тордохоо амласан байна.

 

Оросууд улаан арми нь Польшийг Нацистуудаас чөлөөлсөн гэж ярьдаг хэдий ч дэлхийн II дайнаас хойш Зөвлөлтийн талаарх Польшуудын хандлага өөрчлөгдсөн юм. Польшид байгаа Зөвлөлтийн үеийн хөшөө дурсгалуудын ихэнх нь эвдэрч, сүйдэн, тоногдсон юм.

 

Нийгмийн ардчилал, гадаад дах эх орон нэгтнүүдээ дэмжих нийгэмлэгийн тэргүүн Елена Сутормина гэгч НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагад хандаж, Зөвлөлтийн үеийн хөшөө, дурсгалуудыг устгах гэж буй Польшийн Засгийн газрын шийдвэрт хориг тавихыг уриалсан байна.

 

Өнгөрсөн жил Польшид Зөвлөлтийн Улаан армийн цэргүүдэд зориулсан хөшөө дурсгалыг буулгахад ОХУ-ын Гадаад харилцааны яам Польшийг хөшөө дурсгалд дайн зарлалаа хэмээн буруутгаж байсан юм.

 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж