Гурилын үнэ нэмэгдэх ёсгүй

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Гурилын үнэ нэмэгдэх ёсгүй

Хэрэгцээнийхээ хэрээр бага хэмжээний гурил авлаа

Чингэлтэй дүүргийн тавдугаар  хорооны иргэн Д.Нямцэрэн:

-Нэг мэдсэн чинь гурилын үнэ нэмэгдсэн байна. Тодорхой шалтгааныг нь олж сонссонгүй. Гурилын үнэ гэнэт нэмэгдсэн нь мэдээж бидэн шиг мах, гурилыг хүнснийхээ гол хэрэгцээ болгодог хүмүүст  хүндээр тусч байна . Гадуур бензин шатахууны үнэ буураад байхад гурилын үнэ нэмэгдэж боломгүй л санагдах юм. Их хэмжээгээр нөөцлөж чадах биш. Хэрэгцээнийхээ хэрээр бага багаар нь л авч байна. Нэгэнт нэмэгдсэн үнийг буулгана гэж байхгүй биз дээ. Үнэндээ тэтгэврийн хөгшчүүл болоод бага орлоготой хүмүүсийн гол хэрэглээ гурил л шүү дээ.Тийм болохоор хариуцсан яам болоод Шударга өрсөлдөөний газрууд нь энэ асуудлыг эргэж нэг хараасай гэж хүсэх байна даа.

Гурилын үнэ нэмэгдэх ёсгүй 

Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны иргэн Ц.Чулуун:

-Гурилын үнэ нэмэгдэх ямар ч үндэслэлгүй. Одоо үйлдвэрүүд хуучин хямд үед авсан улаанбуудайн нөөцөөрөө гурил үйлдвэрлэж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Дээр нь бензин шатахуун харин ч урьдынхаас хямд байна. Ямар шалтгаанаар ийн нэмж байгаагаа хүмүүст хэлэх хэрэгтэй шүү дээ. Хаа холын дэлхийн зах зээл нөлөөлөөгүй гэдэгт итгэлтэй  байна. Гурилын үнийг нэмсэн нь тэтгэвэр тэтгэмжийн хүмүүст хүндээр тусч байна . Бас гурилын үнэ нэмэгдсэн гэхээр жижиглэнгийн наймаачид ченжүүд үүн дээр дөрөөлөөд ямар ч нэмэгдэх шаардлагагүй бүтээгдэхүүнийхээ үнийг хиймлээр өсгөж байна шүү дээ.

Талх, гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх вий гэж болгоомжилж байна

Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Б.Хулан:

-Гурил бол айл өрхүүдийн хамгийн чухал хэрэгцээний бараа учраас үнэ нэмэгдэнэ гэдэг өрхийн төсөвт тодорхой хэмжээгээр нөлөөлнө.  Үүнийг дагаад удахгүй талх гурилан бүтээгдэхүүний үнэ нь нэмэгдэх байх гэсэн болгоомжлол байна . Энэ тал дээр эрхэлсэн сайд дарга алба тушаалтнууд нь хурдан арга хэмжээ авна гэж найдаж байна. Зарим газарт гоймонгийн үнэ өссөн тухай яриа гарсан. Бөмбөгөрт бол одоогоор гурилан бүтээгдэхүүний үнэ нэмээгүй л байна.
Жижиглэн худалдагч нар их зэмлүүлдэг

Худалдаа эрхлэгч Б.Батсуурь:

-Жижиглэнгийн худалдаа эрхэлдэг надад гурилын үнийн өсөлт маш хүндээр тусч байна . Бараа бүтээгдэхүүн 100-150 төгрөг бүү хэл таван төгрөгөөр нэмэхэд ч бидний арилжаанд нөлөөлдөг. Гурилыг  нэмэгдсэн үнээр аваад дээр нь тав арван төгрөг нэмээд зарах гэхээр хүмүүс ойлгодоггүй. Биднийг санаагаараа нэмсэн юм шиг л загнаж аашилдаг юм. Ер нь байнга хэрэглэдэг бүтээгдэхүүний үнэ өснө гэдэг хүсмээр зүйл биш. Хүмүүсийн худалдан авах чадвар сайн байж л худалдаа хийнэ шүү дээ.

Р.Нямжаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж