Эмч нарын илүү цагийн мөнгийг нэхлээ

Хуучирсан мэдээ: 2016.04.01-нд нийтлэгдсэн

Эмч нарын илүү цагийн мөнгийг нэхлээ

Нийгмийн бодлого боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт эрүүл мэндийн салбарынхантай уулзлаа. Уулзалтын үеэр улаанбурхан өвчний тархалт болоод элэгний С вирусыг эмчлэгч Харвони эмийн талаар мэдээлэл сонссон юм.

Улаанбурхнаар өвчлөгсдийн гурван хувь нь энджээ

Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Энхболд улаанбурхан өвчний талаар мэдээлэл өглөө. Тэрээр:

-Улаанбурхан өвчин дэлхийн 110 гаруй улсад тархаад байна. БНХАУ-д 1366, ОХУ-д 100 орчим тохиолдол бүртгэгдсэн. Өнгөрсөн оны зургаадугаар сараас нярай хүүхдүүдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулж дэгдэлтийг бууруулсан. Харин 2016 оны хоёрдугаар сараас энэ өвчний дэгдэлт нэмэгдээд байна. Одоогийн байдлаар нийт тохиолдлын 3 хувь нь эндсэн. Эндэгдлийн 81 хувь нь вакцин хийлгэх нас болоогүй 0-8 сартай хүүхэд, 63 хувь архаг цус багадалттай, архиттай, тураалтай, цусны хорт хавдартай гэх мэт суурь өвчтэй хүүхдүүд байсан.   

Өвчлөлийн насны бүтцийг авч үзэхэд 50 гаруй хувийг 15-29 насны хүн эзэлсэн. Найм хүртэлх сартай хүүхдүүд 15 хувийг эзэлсэн. Иймд Засгийн газар тогтоол гаргаж 370 мянган хүүхдийг улаанбурхан өвчний эсрэг вакцинаар дархлаажуулсан. Мөн хоёрдугаар шатны нэмэлт дархлаажуулалтанд шаардлагатай мөнгийг ч шийдэж өгсөн. Үүнд бид 627 мянган хүн тун вакциныг дагалдах хэрэгслийн хамт авахаар НҮБ-ын Хүүхдийн санд захиалга өгөөд байна. Түүнчлэн ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт нэн шаардлагатай байгаа 350 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг шууд худалдан авах гэрээ хийгээд эхэлсэн. Үүнээс гадна хүн амын аль бүлэгт дархлал сул байгаа тухай судалгаа хийгээд явж байна. Хөдөө орон нутгийн хувьд Увс, Сэлэнгэ, Ховд, Өмнөговь, Дорнод, Дархан-Уул аймгуудад өвчлөл өндөр бүртгэгдсэн. Сангийн яамтай хамтарч эмч нарын илүү цагийн мөнгийг шийдэх шаардлагатай. Үүнд нийтдээ 115 сая төгрөгийг дөрөвдүгээр сард багтаан олгох шаардлагатай гэсэн юм. 

ХӨСҮТ-өөс гадна нэлээд олон эмнэлэг илүү цагийн мөнгөний асуудалтай байгаа аж. Нийт эмнэлгүүдэд 400 гаруй сая төгрөгийн илүү цагтай холбоотой зардал шийдвэрлэх шаардлагатай байгаа юм байна. Тиймээс вакцин авах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлсэн. Харин үйл ажиллагааны зардлыг ЭМСЯ-наас Эрүүл мэндийн сайдын багцын хүрээнд зохицуулалт хийж санжүүлжилт олгоно гэж Засгийн газрын хуралдааны үеэр тохирсон. Үүний дагуу ЭМСЯ-аас ирүүлсэн саналын хүрээнд эхний ээлжинд ХӨСҮТ-д шаардлагатай зардлыг дөрөвдүгээр сард багтаан олгохоор ажиллаж байна гэж Сангийн яамны Зарлагын хэлтсийн дарга М.Хуягцогт хариуллаа.

Харвонийн үр дүн удахгүй гарна

Харвони эмийн эмчилгээний үр дүнгийн талаар ЭМСЯ-ын Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд мэдээлэл хийлээ. Тэрээр “ЭМСЯ-д зайлшгүй шаардлагатай эмийн долоо дахь жагсаалтад Харвони эмийг бүртгэсэн. Харвони эмээр эмчилгээ хийж эхлээд эхний үр дүн гарлаа. ХӨСҮТ-өөс дөрөвдүгээр сарын 15 гэхэд Харвони эмээр эмчилгээ хийлгэсэн бүх хүмүүсийн эмчилгээний үр дүнгийн талаарх мэдээллийг нэгтгэж ирүүлнэ. Зарим хүн элэгний хатуурлын хэмжээнээс шалтгаан зургаан сарын турш уух шаардлагатай байна” гэсэн юм.

Харвони эмийг “Омбол” эм ханган нийлүүлэх байгууллага оруулж ирж байгаа юм байна. Эхний ээлжийн эм ханган нийлүүлэлтээр 1600 ширхэг эм нийлүүлж, 1510 хүн эмчилгээнд хамрагджээ. Хоёрдугаар ээлжийн эм ханган нийлүүлэлтэд хамрагдах хүсэлтэй эмчлүүлэгчдийн тоог гаргах, вирусыг тоолох ажлыг ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд хийж байгаа аж.

Ийнхүү холбогдох албаныхан мэдээлэл хийсний дараа Нийгмийн бодлого боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт эмч мэргэжилтнүүдийн илүү цагийн цалин тэтгэмжийн асуудлыг шийдэж, Харвони эмийн эмчилгээний үр дүнгийн мэдээг яаралтай гаргаж ирүүлэх үүрэг даалгавар өглөө. 

Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж