Хуучирсан мэдээ: 2021.01.29-нд нийтлэгдсэн

Эмгэнэл

ЛХАГВААГИЙН ЭРДЭНЭБУЛГАН

      (1940-2021)

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн театрын нэрт найруулагч Лхагваагийн Эрдэнэбулган 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр таалал төгсөж, урлаг, нийгэм соёлын ертөнцөд нөхөж барашгүй гарз тохиолоо.

Л.Эрдэнэбулган 1940 онд Булган аймгийн Бугат сумын “Бухын Гол” гэдэг  газар төрж, 1962-1967 онд Болгар улсын Софи хотын Хөгжмийн дээд сургуульд дуулаач, 1975-1980 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Хөгжмийн их сургуульд хөгжмийн театрын найруулагчийн мэргэжлээр суралцаж төгссөн.

Тэрээр 1957-1960 онд Булган аймгийн соёлын ордонд дуучин, 1960-1962 онд Улсын хөгжимт драмын театрт дуучин, 1967-1975 онд Дуурь, бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучин, 1980-1993 онд тус театрт найруулагч, ерөнхий найруулагч, театрын дарга, уран сайхны удирдагч, 2000-2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны  сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байлаа.

Л.Эрдэнэбулган нь Монгол Улсад сонгодог урлагийг хөгжүүлэх үйлсэд амьдралынхаа 60 гаруй жилийг зориулсан дуурийн нэрт дуучин, найруулагч байсан юм.  Дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллаж байхдаа Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” дуурийн Галдан, Б.Дамдинсүрэнгийн “Шарай голын гурван хаан”–ы Барс, “Учиртай гурван толгой”-н Юндэн, “Мартагдашгүй 42 хоног”-ийн Д.Сүхбаатар, “Шивээ хиагт” дуурийн 1 дүгээр цэрэг, Ж.Пуччинийн “Чио чио сан” дуурийн Шарплес, Ш.Гуногийн “Фауст” дуурийн Валентин, Б.Сметаны “Худалдагдсан бэр” дуурийн Крушин зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог 20 гаруй дуурийн дүрийг бүтээсэн юм. Түүнчлэн Ж.Россинигийн “Севилийн үсчин”, С.Гончигсумлаагийн “Үнэн”, Ж.Пуччинийн “Тоска”, А.Даргомыжскийн  “Лусын дагина”, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой”, Д.Лувсаншаравын “Нүцгэн ноён”, Ж.Вердийн “Отелло”, Х.Билэгжаргалын “Ламбагуайн нулимс”, Б.Шаравын “Чингис хаан”, Г.Алтанхуягийн “Өэлүн эх”, Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” зэрэг 30 орчим дуурийг найруулжээ.

Монголын ард түмэн түүнийг Хатанбаатар Магсаржав дүрээр нь сайн мэддэг бөгөөд тэрээр “Хатанбаатар”, “Алтан шонхор”, “Нарны унага”, “Намар нахиалсан мод” зэрэг 10-аад кинонд тоглож, “Учиртай гурван толгой”, “Үхэж үл болно-Чингис хаан”, “Чин ван Ханддорж”, “Хүнчин” киног найруулж, 20 гаруй баримтат кино бүтээжээ.

Тэрээр түүхт ой, гадаад улсаас манай оронд айлчилсан төр, засгийн зочдод зориулсан 200 гаруй концерт, Монголын соёлыг гадаадад сурталчлах долоон удаагийн “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээг найруулсан байна.

Л.Эрдэнэбулган 1988 онд “Үүлэн заяа”, 1991 онд “Өгөөдэй хаан” дуурийн тоглолтуудыг амжилттай найруулж, Соёлын яам, Монголын урлагийн ажилтны холбооны оны шилдэг уран бүтээлийн шагналууд хүртэж байлаа.

Төр, засгаас түүний хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж 1992 онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээсэн. Талийгаачийн хөдөлмөрч хичээнгүй, эгэл даруу зан чанар, Монголын сонгодог урлагийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

 

                     Х.БАТТУЛГА, Г.ЗАНДАНШАТАР, Л.ОЮУН-ЭРДЭНЭ,

              Ж.МӨНХБАТ, Ж.БАТ-ЭРДЭНЭ, Ц.АНАНДБАЗАР, С.ЧУЛУУН,

                            Д.ЭРДЭНЭБАТ, Б.АРИУН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж