Музейн тухай хуулийн онцлох дөрвөн заалт

Хуучирсан мэдээ: 2021.01.29-нд нийтлэгдсэн

Музейн тухай хуулийн онцлох дөрвөн заалт

Музейн тухай хуулийн онцлох дөрвөн заалт

Монгол Улсад орчин цагийн музей 1924 онд байгуулагдсан түүхтэй. Өнөөдрийн байдлаар хуулийн этгээдийн бүртгэлтэй, төрийн өмчийн 12 музей, орон нутгийн өмчийн 24 музей үйл ажиллагаа явуулж байна. Мөн зарим төр, захиргааны байгууллага, их дээд сургууль, Шинжлэх ухааны академийн харъяа хүрээлэнгүүдийн дэргэд 20 гаруй бэсрэг музей, үзвэрийн танхим ажиллаж байгаагаас гадна хувийн хэвшлийн 10 гаруй музей тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн, хөдөөгийн сум, дүүрэгт орон нутаг судлах, сурталчлах зориулалт бүхий 265 музей, үзвэрийн танхим бий.

Монголд музейн үйл ажиллагааг Соёлын тухай болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар ерөнхийлөн зохицуулж, Соёлын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний баталсан дүрэм, журам, заавар болон Музейн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, MNS 2006:5643 стандарт зэрэг эрх зүйн баримт бичгээр зохицуулж ирсэн бол өнөөдөр (2021.01.28) Музейн тухай хууль батлагдаж, соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалах, сурталчлах үйл ажиллагааны цар хүрээ, үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, музейн нийгэм, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх боломж бүрдэж буй юм.

Музейн тухай хуулийн онцлох заалтууд

  • Ийнхүү музейн тухай анхны хууль батлагдаж, музейн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилган, холбогдох хууль тогтоомжтой уялдаж, музейн тогтвортой хөгжлийг дэмжиж чадахаар боллоо.
  • Музейн үзмэртэй шууд харьцаж ажилладаг албан хаагчид 8 жил тутам 1 жилийн үндсэн цалингийн хэмжээтэй урамшууллыг олгох боломж бүрдлээ. Үзмэртэй шууд харьцаж ажилладаг албан тушаалтнууд нь өндөр үүрэг хариуцлага хүлээдэг мэргэжил, ур чадвар, ёс зүйн хувьд бэлтгэгдсэн, тодорхой шалгуурыг хангаж тухайн албан тушаалд томилогддог мэргэжилтнүүд юм. Мөн ажиллах орчин нөхцөл ч хүндэд тооцогддог байна. Эдгээр ажилтнуудад урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэснээр албан тушаалтнууд шударга, хараат бус, тогтвортой ажиллах боломж бүрдэхээс гадна, санхүүгийн хувьд бусдын нөлөөнд автахгүй байх нөхцөл бүрдэх юм.
  • Мөн музейгээр хүүхэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжийг хуульчиллаа. Музей бол нийгмийн хөгжилд манлайлах үүрэг гүйцэтгэдэг, тэр тусмаа хүүхдийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэдэг институт юм. Монгол Улсын хөгжлийн олон бодлого төлөвлөлтийн баримт бичигт хүүхдийг эх оронч, үндэсний ухамсартай хүмүүнлэг иргэн болгож хүмүүжүүлэх зорилтыг тусгасан байдаг. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд музей үзүүллэгийн танхим болон бусад хөтөлбөрөөр дамжуулан хүүхдэд мэдлэг мэдээлэл өгч, хөгжүүлдэг. Түүнчлэн хүүхдэд боловсрол олгох үйл явцад музей мэдлэгийг бататгах, нэмэлт мэдээллээр баяжуулах, хүүхэд хоорондын харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг.
  • Музейн тухай хуулинд зааснаар хувийн музей ажиллуулдаг бол 16 хүртэлх насны хүүхдэд үнэгүй үйлчилсэн хэмжээгээрээ хувьсах зардал олгох боломж бүрдсэн нь бас нэг онцлог юм.

Эх сурвалж: Соёлын яам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж